Хэнтий “Нэг цэгийн үйлчилгээний танхим”-тай боллоо

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Хэнтий “Нэг цэгийн үйлчилгээний танхим”-тай боллоо

Хэнтий аймагт одоогийн байдлаар улсын бүртгэлд бүртгэлтэй 800 татвар төлөгч, аж ахуйн нэгж, 25 мянган иргэд татварын тооцоо хийдэг. Тус аймгийн Татварын албаны зүгээс татвар төлөгчдөд үзүүлж байгаа үйлчилгээгээ өргөтгөж шуурхай болгох, орлогын төлөвлөгөөний биелэлтийг хангах, татварын өр барагдуулах талаар голлон анхаарч ажиллаж байна. Саяхан тус аймгийн Татварын хэлтсийнхэн бусад аймгуудаас түрүүлж “Нэг цэгийн үйлчилгээний танхим”-аа орчин үеийн чанар, стандартын шаардлага хангахуйц засварлан тохижуулж албан ёсны нээлтээ хийсэн билээ. Энэ ажил нь татвар төлөгчдөд түргэн шуурхай төдийгүй соёлтой үйлчилгээг хүргэхэд чиглэсэн чухал арга хэмжээ боллоо гэж аймгийн удирдлага үнэлжээ. Татварынхан, оны эхний таван сарын байдлаар улсын төвлөрсөн төсвийн орлогын төлөвлөгөөг 170 шахам сая төгрөгөөр буюу 225 гаруй хувиар, орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг 177 гаруй сая төгрөгөөр буюу 107 гаруй хувиар биелүүлж ажиллажээ. “Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн 60 орчим хувийг үзлэг тооллогод хамруулж орон нутгийн төсөвт энэ төрлийн албан татварт 150 шахам сая төгрөг, улсын төвлөрсөн төсөвт агаарын бохирдлын төлбөр 15 гаруй сая төгрөгийг төвлөрүүлээд байна. Монголд орж ирээд дөрвөөс дээш жил болсон тээврийн хэрэгслээс агаарын бохирдлын татварыг шинээр авч эхэлж байгаа билээ. Татварын албаны ажилтнуудынхаа мэдлэг, мэргэжлийн түвшинг дээшлүүлэх ажлын хүрээнд дотооддоо сургалт хийхээс гадна Төрийн албаны салбар зөвлөл, “Монгол Такс Тин” байгууллага болон Нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнтэй хамтарч сургалт зохион байгуулсан” хэмээн  тус аймгийн Татварын хэлтсийн дарга Д.Баттунгалаг мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж