Б.Хурцыг шүүх энэ удаагийн хурал маш чухал гэв

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Б.Хурцыг шүүх энэ удаагийн хурал маш чухал гэв

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцын давж заалдах шатны шүүх хурал өнгөрөгч тавдугаар сард Лондон хотын Хатан хааны дээд шүүхийн танхимд болж,  энэ сарын 21-22 хүртэл завсарласан юм. Харин саяхан Английн талаас шүүх хурлыг энэ сарын 23, 24-ний 10.00 цагт /Улаанбаатарын цагаар 18.00 цаг/  хийх болсноо ажлын хэсгийнхэнд мэдэгджээ. Шүүх хурлын эргэн тойрон дахь асуудлаар  Ажлын хэсгийн ахлагч, Гадаад харилцааны дэд сайд Б.Болортой ярилцлаа.

-Шүүх хурлын тов яагаад хойшилсон юм бол?

-Английн талаас энэ сарын 23, 24-нд хийхээр болсон тухайгаа албан ёсоор мэдэгдсэн. Харин ямар үндэслэлээр хойшлуулснаа тайлбарлаагүй, тайлбарлах албагүй. Шүүх хурлын товыг  хэдийд зарлах нь шүүгчийн бүрэн эрхийн асуудал юм. Английн тал өмнөх шүүх хурлыг ирэх есдүгээр сар хүртэл завсарлах хүсэлтэй байсан. Харин Монголын талаас  тийм урт хугацаагаар  завсарлахгүй гэснээр энэ сарын 21 хүртэл хойшлуулж байсан юм.

-Монголын талаас ямар хүмүүс шүүх хуралд оролцох вэ?

-Хуучин бүрэлдэхүүнээрээ оролцоно. Гадаад харилцааны  яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар Москвад ажлаар явж  байгаа. Тэндээсээ шууд Англид очно.

-Б.Хурцын ар гэрийнхэн, найз нөхөд хэд хэдэн удаа жагссан. Английн гадаад харилцаа, хамтын нөхөрлөлийн Төрийн сайд Жереми Брауныг Монголд ирэхэд ГХЯ-ны гадаа жагссан. Энэ  тэмцлүүд шүүх хурлын шийдвэрт ямар нэг байдлаар нөлөөлөх үү?

-Шүүх хурлын шийдвэрт нөлөөлөх ямар ч боломжгүй. Гэхдээ Английн өндөр албан тушаалтныг ирэхэд мөн жагссан тодорхой үр дүнг хүлээсэн байх. Тэр хүнд  нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Мэдээж ар гэрийнхэн нь энэ байдлыг олон нийтийн анхаарлаас гаргахгүй байх үүднээс жагссан болов уу.

-Энэ удаагийн шүүх хурлаас ямар үр дүнг хүлээж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөхгүй байх магадлал өндөр юм биш үү?

-Бид хүнээ эх орондоо авч ирэхийг л хүсч байна. Анхан шатны шүүх хуралд Монголын талаас тавьсан баримт материалыг дутуу хэлэлцсэн гэж болно. Ер нь Гадаад харилцааны яамны захидлыг үндэслэн Германы талд шилжүүлэх шийдвэр гаргасан.

-Шийдвэр нөгөө талд гарлаа гэхэд дахин давж заалдах боломж бий юу?

-Хуулиараа бол дахин давах эрх бий. Гэхдээ шүүх хурлаас давах боломжгүй гэсэн шийдвэр ч гарч болно.

-Хэрэв шийдвэр манай талд гарвал Английн тал давж заалдах болов уу?

-Анхан шатны шүүх хурлын дараа ч  Английн тал давж заалдахгүй гэж байсан. Энэ удаад ч  өмнөх шийдвэрээ хэлэх байх. Энэ удаагийн шүүх хурал чухал, ач холбогдолтой учир үүнээс өөр зүйл яримааргүй байна гэв.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг өнгөрсөн оны есдүгээр сарын 17-нд Английн Хитроу нисэх онгоцны буудлаас баривчилснаас хойш есөн сар болж байна. Энэ хугацаанд түүнийг батлан даалтад гаргах хүсэлт хэдэн удаа тавьсан ч Английн тал эс зөвшөөрсөн юм. Мөн анхан шатны шүүх хурлаас түүнийг Германы талд шилжүүлэх шийдвэр гарч, манай тал давж заалдсанаар өнөөдрийг хүрээд байгаа билээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж