Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаан өчигдөр шүүх байгуулах асуудлаар болж, 35 шүүхийг нэмж байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэ асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийн байр суурийг сонслоо.
-Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр шүүхүүдийг салгаж, нэмж 35 шүүх байгуулахаар боллоо. Энэ асуудлыг та хэрхэн харж байгаа вэ?
-Өчигдөр Үндсэн хуулийн цэц Шүүх байгуулах тухай хуультай холбоотойгоор эцсийн шийдвэр гаргалаа. Хэрвээ Монгол Улсын эдийн засгийн нөхцөл хүрээд, боломж байдаг бол Үндсэн хуулийн цэцийн хүсээд байгаа шүүх байгуулахад татгалзах зүйлгүй. Нэг л асуудал бий. Монгол Улсад ямар хууль гарах вэ, эрхзүйн зохицуулалтыг яаж хийх нь цэвэр улс төрийн хүсэл зоригоор ч гэдэг юм уу, хууль зүйн түвшинд дангаар нь шийдвэрлэх бололцоо байдаггүй. Аливаа шийдвэр, хуулийг эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан гаргахаас аргагүй болсон. Тиймээс эрхзүйн асуудал, аливаа зохицуулалтад эдийн засгийн нөхцөл байдлаа харгалзан шийдвэр гаргах хэрэгтэй. Олон шүүхийг дагнан байгуулах эдийн засгийн боломж Монгол Улсад байхгүй гэж би харж байна. Миний хувьд энэ байр суурин дээрээ байна.
Гэсэн хэдий ч шүүхээ хэрхэн байгуулах вэ гэдэг нь Монгол төрийн шийдэх асуудал.
-Тэгэхээр шүүхийн бүтцэд өөрчлөлт орно биз дээ?
-Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр бол эцсийнх байдаг. Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөл Засгийн газартай зөвшилцөөд Монгол Улсын Ерөнхийлөгчид зургаан сарын нэгнээс өмнө саналаа хүргүүлэх үүрэгтэй. Энэ дагуу ажиллана.
Б.ЗАЯА