Ахмадын футзалын УАШТ-ий дөрөв дэх өдрийн тоглолтууд өчигдөр явагдлаа. Тэмцээний хамгийн залуу насны ангилал болох 37-42 болон хамгийн ахмад нас болох 60-аас дээш гэсэн насанд хэсгийн тоглолтууд өндөрлөлөө.
37-42 насны хэсгийн тэргүүлэгч “ССТ” "Мазаалайнууд" багийг 6-0 харьцаатай ялсанаар 9 оноотойгоор итгэл төгс хошуучлан шалгарлаа. Харин “MSM” болон “Мазаалайнууд” багууд хэсгээсээ шалгарч “Дельта” тэмцээнийг өндөрлүүллээ.
Энэ насны “B” хэсгээс “Замчин Сэлэнгэ” нэг ч хожигдолгүйгээр манлайлан шалгарч байгаа бол “Дархан-Уул” аймаг, “Соёмбын Барсууд” багууд удааллан шалгарлаа. Хад клүбийн хувьд харин хасагдаж байна.
“С” хэсэгт Гоёо болон “Сүхбаатар” дүүрэг “Метро” багууд өрсөлдсөнөөр “Гоёо” хэсгээ тэргүүлэн шалгарч “Сүхбаатар” дүүрэг даган гарч байгаа бол “Метро” тэмцээнийг энэ хүрээд өндөрлүүлж байна.
60-аас дээш насанд нийт 7 баг оролцож улмаар А хэсгээс “Сансар”, “Соёмбын Барсууд” харин “B” хэсгээс “Ар Цант”, “Найрамдал – Багануур” багууд хасагдах шатанд өрсөлдөхөөр боллоо.
Мөн 43-48 хүртэлх насанд оролцож буй нийт 16 баг хэсгийн хоёр дахь тоглолтуудаа хийж дууслаа. Эхний тоглолтондоо тун өрсөлдөөнтэй, үзүүштэй тоглолтыг үзүүлж харамсалтай нь ялагдал хүлээгээд байсан “Шинэ Яармаг” өнөөдөр 11-2 харьцаатайгаар “Титэм” багийг буулгаж авсан байна. Харин энэ хэсгийн хүчтэй багуудын тоонд зүй ёсоор багтах “Эрчим” “Чингэлтэй Бага тойрог” багийг хожсоноор “Шинэ Яармагт” маш том боломж гарж ирлээ. Нөгөөтэйгүүр “Эрчим” клүб мөн хэсгээс гарах боломжоо ахиуллаа.