Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай Нийслэлийн засаг даргын 2016 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн А/34 дүгээр захирамж гарсан. Уг захирамжийн хүрээнд билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу хоёрдугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд хотын захын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхээр болсон юм. Ингэхдээ үндсэн 62, хот орчмын 13 чиглэлд нийт 644 их болон дунд багтаамжийн автобус үйлчилгээ үзүүлэхээр болжээ. Мөн сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийхээр болсон. Энэ хүрээнд нэгдүгээр сарын 30, 31, хоёрдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд тодорхой суурьшлын цэгүүдээс Нарантуул худалдааны төв рүү нийт 11 их багтаамжийн автобус 10.00, 12.30, 15.00 цагуудад иргэдэд үйлчлэх юм. Тухайн өдрүүдэд Чингисийн талбай болон “Дүнжингарав” худалдааны төвөөс “Хүннү молл” худалдааны төв чиглэлд хоёр их багтаамжийн автобус 10.00, 12.30, 15.00 цагуудад явах аж. Харин хотын захын алслагдсан чиглэлүүдэд дөрвөн аж ахуйн нэгжийн 20 бага багтаамжийн микроавтобусаар захиалгат үйлчилгээг зохион байгуулна. Захиалгыг 11-326352, 11-323176 утсанд хандах өгөх боломжтой юм байна. Нийслэл хотын дотор таксийн үйлчилгээнд 14 аж ахуйн нэгжийн 497 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллахаар төлөвлөжээ.
Д.УУДАМ