УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс өмнөх хуралдаанаар Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Д.Ганхуяг нар маргалдсан юм. Танхимаас гарах үеэрээ тэд маргаанаа үргэлжлүүлж барилцаж авчээ. Энэ үед тэднийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нар салгасан байна.
Маргаан гарсан гол шалтгаан нь Оюутолгойтой холбогджээ. Яриаг сийрүүлбэл, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Олон түмнээс асуух хуулиа боловсронгуй болгох хэрэгтэй. Ганц том гэрээ хийхдээ, сонирхлын зөрчилтэй компани сонгож гэрээ байгуулчихаад тэрийг том дарга хийгээд улс орныг хүнд байдалд оруулчихсан байгаа. Эрх барьж байхдаа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа. Чамайг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхад Оюутолгойн гэрээ байгуулагдсан.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Андуураад байна. Мэдэхгүй байж”.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Чи сайд байсан зардлаа хянаж байхгүй яасан юм. Оюутолгойн онгоцны буудлыг “Арц суварга” компани барьсан. 15 сая долларын төсвийг чи 65 сая доллар болгосон. Энэ чиний компани гэсэн. Шалгуулна за юу”.
Ийн маргасны дараа тэд танхимаас гарч, энэ үеэр Ч.Хүрэлбаатар гишүүн Д.Ганхуяг гишүүнийг долироор нь дуудаж доромжилжээ.
Хэрвээ Д.Ганхуяг гишүүний хэлсэн үг үнэн бол Ч.Хүрэлбаатар гишүүн бусдыг доромжилсон болж таарч буй. Харин Ч.Хүрэлбаатар гишүүний хэлснээр Д.Ганхуяг гишүүн эндүүрсэн бол бусдыг гүтгэсэн хэрэг болно.
Г.ХОРОЛ
Д.Ганхуяг: Хүрэлбаатараа чи засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа оюу толгойн гэрээг байгуулсан биздээ
Posted by Ардчилсан Намын Бүлэг on Thursday, January 28, 2016