Нийслэлийн мандатыг нэмэгдүүлэх асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэх гэж байна. Байнгын хорооны хуралдааны өмнө Ж.Батзандан гишүүн дараах тодруулгыг өглөө.
-Нийслэлийн мандатыг нэмэгдүүлэх асуудлыг танай намын бүлэг дэмжиж байгаа. Дэмжиж байгаа үндэслэлээ тайлбарлаач?
-Сонгуулийн шинэ хуулиар УИХ-ын тойрог мандатыг тоог тогтоохдоо баримтлах зарчмыг шинэчилсэн. Хуучин хуулиар хүн ам, засаг захиргааны нэгж, нутаг дэвсгэрийн хэм хэмжээ зэрэг хүчин зүйлийг харгалзаж тойрог, мандатын тоог тогтоодог байсан. Үүний дагуу сүүлийн арав гаруй жил орон нутгийн мандатын тоо олон, нийслэлийнх цөөн байж ирсэн. Шинэ хуулиар хүн амын тоог харгалзах бололцоо нээгдсэн. Сүүлийн арван жилийн судалгааг харахад хөдөөнөөс Улаанбаатар хот руу шилжин ирсэн иргэд эрс нэмэгдсэн. Улаанбаатар хотын хүн амын тоо бараг хоёр дахин нэмэгдэж 1.5 сая буюу хүн амын тал нь амьдарч байна. Улаанбаатараас сонгогдсон УИХ-ын гишүүд, нийслэлийн удирдлагууд “УИХ дахь Улаанбаатарын төлөөллийг нэмэгдүүлж өгөөч” гэдэг хүсэлтийг Сонгуулийн ерөнхий хороо, УИХ-д гаргаад байгаа.
-63 мянган иргэнийг нэг хүн төлөөлнө гэж тооцоод нийслэлд 22 мантад оногдож байна гэж Сонгуулийн ерөнхий хороо мэдэгдсэн. Энэ тоо багасах болов уу?
-Мандатын 50 хувийг болохгүй бол 40 хувийг нийслэлд хуваарилж өгөөч гэж хүсч байгаа юм. Сонгуулийн тухай хуульд хүн амын тоог харгалзана гээд тодорхой заачихсан. Хөдөөгийн хүн амын тоо нэмэгдвэл тэндэхийн мандатыг дагаад нэмэгдүүлэх үүрэгтэй гэдгийг хуульчилчихсан. Хуулийн өөрчлөлт өөрөө нийгмийн өөрчлөлттэй зохицож явдаг. Нийгмийн өөрчлөлт шинэ зохицуулалт, дүрэм журмыг шаарддаг. Монголын хүн амын талаас илүү нь Улаанбаатарт амьдарч байгаа учраас УИХ дахь төлөөллийг нэмэгдүүлэхийг амьдрал шаардаж байна. Би өөрөө Баянзүрх дүүргээс сонгогдсон. Гурван мандаттай тойрог. Нэг гишүүнд 120 мянган хүн ноогддог. Гэтэл хөдөөнөөс сонгогдсон нэг гишүүнд 40-50 мянган хүн л оногддог. Энэ шударга ёс мөн үү. Энэ шударга бус байдлыг багасгая гэж байгаа юм.
-МАН-ын бүлэг эсэргүүцэж байгаа.
-Тэд УИХ-ын гишүүн малыг төлөөлөх ёстой, хөдөөг төлөөлөх ёстой гэж үзэж байгаа. УИХ-ын гишүүн хүнээ төлөөлдөг. Хөдөө нутгийнхаа төлөө УИХ-ын гишүүн бүр ажиллах үүрэгтэй. Гэхдээ хүмүүнлэг иргэний нийгэмд амьдрах зорилго тавьж байгаа бол хүнийхээ тоог, хүмүүсийнхээ амжиргааг бодит хүчин зүйл болгож үзэх ёстой. УИХ тун удахгүй нэгдсэн байр сууринд хүрнэ. Улаанбаатарчуудын төлөөлөл УИХ-д нэмэгдэнэ. Улаанбаатар руу хийгдэх хөрөнгө оруулалт нэмэгдэж, нийслэлийнхний эрх ашиг илүү хангагдана гэдэгт итгэлтэй байгаа.
Б.БАТ