Монголын цанын холбооноос орон нутагт ээлжит сургалтыг зохион байгуулж байна. Дорнод аймгийн Халх гол сумын хилийн 0198-р ангид “Цаначин -Хилчин” хөтөлбөр хоёр дахь жилдээ болж буй. Энэ сарын 27-ны өдөр эхэлсэн тус хөтөлбөрийн дагуух сургалтыг цанын спортын ОУХМ Б.Бямбадорж удирдан явуулж байна. Хоёр дахь жилдээ болж буй “Цаначин-Хилчин” хөтөлбөр ирэх сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжлэн явагдах юм. Сургалтын дараа тус хилийн ангид тэмцээн зохион байгуулахаар болжээ.
Дашрамд дуулгахад, Монголын цанын холбооноос нэгдүгээр сарын 19-21-ний өдрүүдэд Хэнтий аймагт гүйлтийн цаныг сурталчилах арга хэмжээг зохион байгуулсан. Тус сургалтыг “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Б.Энх-Амгалан удирдан явуулжээ. Мөн тус аймгийн Дадал суманд 20-иод жил тасалдаад байсан Зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан.
Ч.БОЛОР