Шүүхийг шинэтгэх багц төслийг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Шүүхийг шинэтгэх багц төслийг танилцууллаа

Нөгөөдөр буюу энэ сарын 22-нд шүүх эрх мэдлийн шинэтгэлийн асуудлаар Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд нээлттэй хэлэлцүүлэг болох юм. Түүгээр хэлэлцүүлэх асуудлуудын талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-15-нд Төрийн ордонд “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” чуулганыг хийсэн. Тухайн үед түүнд  оролцогчид шүүх эрх мэдлийн салбарт тулгарч буй асуудал, түүний гарц шийдлийн талаар  олон санал, зөвлөмж гаргасан юм. Үндэсний чуулганы  зөвлөмжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч захирамж гарган шүүх, прокурор, цагдаа, хуулийн сургуулиуд, олон улсын байгууллага, өмгөөлөгчид зэрэг өргөн төлөөллийг хамарсан ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд шуурхай ажиллаж шүүхийн тогтолцоог шинэчлэх,  бие даасан, хараат бус байдлыг хангах, хэрэг, маргааныг шударгаар шийдвэрлэх тогтолцоог бий болгохтой холбоотой шүүхийн шинэтгэлийн багц хуулиуд боловсруулсныг Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан танилцууллаа.

Багц хуульд Шүүхийн тухай, Шүүхийн захиргааны тухай,  Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тухай, Эвлэрүүлэн зуучлуулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай зэрэг шүүхийн тогтолцоо, үйл ажиллагаа болон хуульчийн эрх зүйн байдал, өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээ, чиг үүргийг  зохицуулах тухай гэсэн зургаан хуулийн төсөл багтаж буй аж.

Багц хуулийн төсөл нь шүүхийн шинэтгэлийн амин чухал асуудлууд болох шүүхийн бие даасан байдал, нээлттэй ил тод байдлыг хангах, шүүхийн зохистой ачааллыг бүрдүүлэх, шүүгч тодорхой хэрэг, маргааны төрлөөр мэргэших, шүүхийн захиргааг бэхжүүлэх, асуудлыг шударга шүүхээр шийдүүлэх Үндсэн хуулийн зарчмыг бодитойтойгоор хэрэгжүүлэх зорилготой гэдгийг зөвлөх П.Цагаан сэтгүүлчдэд мэдээлээд төсөл нэг бүрээр товч танилцуулга хийлээ.

Шүүхийн тухай хуулийн төсөлд  шүүхийн тогтолцоо, зохион байгуулалтыг Үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд шинэчлэн, шүүхийн бие даасан байдлын баталгааг хангах зохицуулалтыг тусгажээ. Шүүхийн захиргааны тухай хуулийн төсөл нь шүүхийн бие даасан байдaл, шүүхийн өдөр тутмын тасралтгүй үйл ажиллагааг хангахад нэн  чухал үүрэгтэй шүүхийн захиргааны эрх хэмжээ, чиг үүргийг тодорхойлж, Шүүхийн ерөнхий Зөвлөлийн Үндсэн хуульд заагдсан чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах эрх хэмжээ, чиг үүрэг, бүтэц, бүрэлдхүүнийг шинэчлэн зохицуулсан байна.

Харин Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд шүүгчид тавигдах шалгуур, сонгон шалгаруулах, томилох, чөлөөлөх, огцруулах журмыг тодорхойлон шүүгчийн хараат бус байдлыг хангах баталгааг тусгасан аж. Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн чухал хэсэг болох шүүхийн шударга, нээлттэй байдлыг хангахдаа иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, Үндсэн хуульд заасан иргэдийн төлөөлөгчийн эрх хэмжээ, чиг үүргийг тодорхойлох зорилготой Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн хуулийн төслийг цоо шинээр боловсруулжээ. Шүүхийн ажлын ачааллыг багасгах болон хэрэг маргааныг зохицуулах талаар  дэлхийн нийтийн нийтлэг чиг хандлага, Монгол Улсын хэрэгцээг харгалзан  Эвлэрүүлэн зуучлуулах тухай хуулийн төслийг шинээр боловсруулсан гэлээ.

Хуульчийн эрх зүйн байдал, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, түүний хууль зүйн  үр дагаврыг тодорхойлох, хуульчийн мэргэжлийн ёс зүй, хариуцлагын тогтолцоо, мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах зарчмыг тогтоож, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг бүрдүүлсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг шүүхийн шинэтгэлийн хүрээнд авч үзэн боловсруулжээ.

Зөвлөх П.Цагаан мэдээллийнээ төгсгөлд “Хүний эрхийн сүүлийн  баталгаа нь мөнгө хөрөнгө, эрх мэдэл биш шүүх байдаг Монголчууд аш сайн бодлого болосруулж чаддаг. Харин түүнийхээ эцсийг харж чаддаггүй. Энэ бол нүүдэлчдийн зан юм шиг байгаа юм. Гэхдээ шүүийн шинэтгэлийг эцэст нь тултал хийх хэрэгтэй. Одоо энэ ажил дунд хэрдээ явж байна. Үүнийг хийхэд зөвхөн хуульчид бус иргэн бүрийн оролцоо хэрэгтэй” гээд Иргэний танхимд болох нээлттэй хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг уриалсан юм.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж