Өндөр настай, эсвэл өвчтэй хэн нэгнийг асрах үүрэг бидэнд ноогддог. Гарцаагүй хийх ёстой ч гарч, орох зав өгөхгүй, зарим үед ядарсандаа болоод бухимдах, сэтгэлээр унах тохиолдол бий. Зав чөлөөгүй ажлаасаа түр ч болов өөрийгөө хөндийрүүлж, стресс бухимдлаа тайлах энгийн зөвлөгөөнүүдийг өгч байна.
-Ямар нэг сайхан үзвэр үзэх, найзуудтайгаа зугаалах, хайртай хүнтэйгээ хаа нэг тийшээ явах үедээ тархиндаа тэр тухай кино зураг шиг хадгалж үлд. Бялууны амт, үнсэлтийн хүч гээд бүгдийг дурсамжиндаа хадгалж хоцор. Тэгээд сэтгэлээр унаж, ядарч бухимдсан үедээ нүдээ аниад тэр сайхан дурсамжаа яг л кино үзэж байгаа мэт эргэн дурс. Өнгөрсөн цагийн тэр амтат дурсамжийг одоо цагт авчир.
-Яарч бачимдсан, уурласан үедээ урт бөгөөд гүнзгий амьсгаа ав. Ялангуяа удаанаар. Сэтгэл чинь тайвширч, тархи толгой чинь арай сэргэнэ. Тав тоолон хамраараа амьсгаа авч, долоо тоолон амьсгаагаа бариад, амаараа наймын тоонд амьсгаагаа гаргах дасгалыг хийж заншвал туйлын үр дүнтэй шүү. Зогсоо, суугаа ямар ч байдалд, нүдээ аньсан, аниагүй хамаагүй хийгээд үз.
-Шоколад ид. Хоёр, гуравхан дөрвөлжин хар шоколад идчихвэл хэсэгтээ л сэргэнэ. Шоколадны найрлаганд хүний сэтгэлийг сэргээдэг, стрессийг бууруулдаг антиоксидантууд бий.
-Сэтгэл зовоож буй асуудлуудыг агаарт хийсгэж орхи. Яаж гэж үү? Санаа зовоосон бүх зүйлээ бод. Тэгээд бүгдийг нэг нэгээр нь агаарын бөмбөлөгт хийж байна гэж төсөөл. Хийж дууссаныхаа дараа агаарт хийсгэ. Танаас хамаг зовлонг чинь аваад тэр бөмбөлөг хаашаа ч юм бэ нисээд явчихна.