Уул уурхайн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. Хурлын үеэр сэтгүүлчдийн хамгийн сонирхсон асуулт бол шатахууны үнийн бууралт. Яг хэдэн хувиар буурав, цаашид нэмж хэдээр буурах вэ гэсэн асуултыг салбарын сайд, түүний багийнханд тавилаа. Яамнаас гаргасан танилцуулгад шатахууны жижиглэн худалдааны үнэ 80-150 төгрөгөөр буурсан. 2015 оны арванхоёрдугаар сараас шатахууны үнэ баруун бүсэд 80-400 төгрөг, зүүн бүсэд 10-230 төгрөгөөр бууруулаад байна. Харин энэ сарын 20-ноос Өмнөговь, Дорноговь, Хөвсгөл, Архангай зэрэг аймагт 100-150 төгрөгөөр бууруулах ажлыг зохион байгууллаа. Мөн энэ сарын 21-ний өдрөөс Улаанбаатар хотод 80-150 төгрөгөөр буурсан хэмээн мэдээлжээ.
Харин үүнээс илүү хэмжээгээр бууруулах боломжтой юм биш үү гэсэн асуултад “Шатахууны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийг бүрэн зогсоож, зээл нь бүрэн төлөгдөж дууссан. Одоо шатахуун импортлогчид 16-18 хувийн хүүтэй зээл авч байгаа. Мөн шатахууны онцгой албан татвар тонн тутамд 0-60 000 төгрөг байсныг өнгөрсөн оны нэгдүгээр сараас 252-265 мянган төгрөг байхаар тогтсон. Шатахууны гаалийн татварыг нэг хувь байсныг 2015 оны хоёрдугаар сараас таван хувь болгож нэмэгдүүлсэн. Ингэснээр өнгөрсөн онд 226 тэрбум төгрөг бус 460 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Тэр мөнгөнөөс хүүхдийн мөнгөнд 230 тэрбум төгрөг, олон хүүхэдтэй эхчүүдэд олгох 117 тэрбум төгрөгийг санхүүжүүлсэн байх жишээтэй ” гэсэн хариултыг өгч байна.
ШӨХТГ-аас хийсэн судалгаагаар нэг литр шатахууны нийт өртөг 1433 төгрөг болдог, үүнийгээ жижиглэнгээр 1580 төгрөгөөр худалддаг. Импортлогчид литр шатахуунаас 147 төгрөгийн ашиг хүртэж байгаа нь хангалттай ашиг төдийгүй цаашид шатахууны үнийг бууруулах боломжтой гэсэн дүгнэлт гарчээ. Энэ хэр бодитой тоо вэ. Литр шатахууны өртөг яг хэд байдаг вэ гэж нэгэн телевизийн сэтгүүлч хэвлэлийн хурлын үеэр асуусан юм. Зарим эх сурвалжууд гадаадын улс орнуудад шатахуун хангалттай хямдарч байхад манай улсад шатахууны үнийг литр тутамд 300-400 төгрөгөөр бууруулах боломжтойг ч дурдаж байгаа.
Энэ талаар нэмж тодотгоход Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн:
-Дэлхийн зах зээлийн үнээр улс төр хийж хэрэггүй. Бид тэнд томоохон оролцоо байхгүй. Арваннэгдүгээр сард 44,2 ам.доллар, арванхоёрдугаар сард 48,2 ам.доллар, нэгдүгээр сард дунджаар 31,3 ам.доллар байна. Сүүлийн хэдэн хоногт үнэ өсөөд 33 руу дөхсөн. Үнэ буух үед нь улс төр хийгээд нүдээд эхэлдэг. Их олон ухаантай хүмүүс гарч ирээд 300-400 төгрөгөөр буулгана гэдэг. Гэтэл бид холбогдох зохицуулалтыг сайн хийж байгаа. Компаниудын ашгийг 4-5 хувьд байх зохицуулалт хийж байгаа. Зарим үед алдагдалтай ажиллаж байсан үе бий.
-Авч буй эх үүсвэрийнх нь үнэ ханш хямдраад байхад манай улсад тэр хэрээр хямдрахгүй байхаар хэрэглэгчдийн зүгээс шатахуунаа хямдруулаач ээ гэсэн шаардлага тавиад байгаа хэрэг л дээ. Бүгдийг улс төрийн өнгөөр харж бас болохгүй юм биш үү?
-Дэлхийн зах зээл дээр шатахуун үнэтэй болоход хэрэглэгчид мөн л шатахуунаа хямдруулаач ээ гэж шаарддаг биз дээ. Хэдийгээр энэ буруу шаардлага биш боловч бид сайн зохицуулж байгаа. Шатахууны үнийг тавиад туучих дөхсөн үед ч, улс даяараа шатахууны нөөцгүй болчихсон үед ч их хичээж ажилласан. Аль болох үнийг тогтвортой барих, бууруулах талаар арга хэмжээ авч явна.
-Хэдэн компани нефть импортолж байгаа вэ. Тусгай зөвшөөрлийг нэмж олгож байгаа юу?
-Одоогоор 14-15 компани нефть импортолж байна. Нэмж тусгай зөвшөөрөл авах эрх нь бүх компанид нээлттэй байгаа.
-Шатахууныг ганц Роснефтээс авдаг байсан бол одоо олон газраас авдаг болсон. Харьцангуй хямд шатахуун оруулаад ирэх боломж нь нээлттэй болсон. Тэгэхээр үнээ дахин бууруулах байгаа юм биш үү?
-Сайн судал. Хэн нэгний хэлсэн үгээр хэвлэлийнхэн мэдээлэл бэлтгэдгээ боль. Яагаад вэ гэхээр шатахууны үнэ хүн болгоны халаастай холбогддог. Энэ зах зээл савлах ёсгүй. Бодит амьдралд тулгуурласан шийдвэрийг бид гаргаж байгаа. Үнэ ханшийн хувьд 2012 оноос хойш тогтвортой байгаа. 2013 оны дунд үед бид 50 төгрөгөөр буулгаж байсан.
-Шатахууны өртөг яг хэд байгааг тодорхой хэлэх боломжтой юу. 1433 төгрөгийн өртөг бодитой юу?
-Тэр хүмүүс хэдийд, ямар үнээр орж ирсэн шатахууныг судлаад тийм үнэ тогтоосныг бид мэдэхгүй. Бид үнээ мэдэж байгаа. Хоёр, гуравдугаар сард ямар байхыг ч харж чаддаг болсон. Өнөөдрийн байдлаар 14 аймаг, нийслэлд шатахууны үнэ 80-150 төгрөгөөр буурсан. Энэ асуудлыг бид зориуд цагаан сарын өмнө амжиж хийлгэсэн. Үр шимийг нь айл өрх болгон хүртэж байна.
-Үнэ бууруулах санаачилгыг “М ойл” компани эхэлж гаргасан санагдаж байна?
-Яаж ч ойлгож болно. Гэхдээ бид нийгмийн хариуцлага хүлээж ажиллаж байгаа. Арванхоёр, нэгдүгээр сард бид татвараа нэмэгдүүлээгүй учир компаниуд үнээ бууруулсан.
-Шатахууны импортын гэрээг тухайн улсын мөнгөн тэмдэгтээр хийх боломж бий юү. Тэгвэл ам.доллараар тооцсоноос хямд тусах биш үү?
-Нэгдүгээрт, импортын гэрээг бид биш компаниуд хийдэг. Хоёрдугаарт дэлхий нийтийн хэмжээнд шатахууны төлбөр тооцоог ам.доллараар тооцдог. Шатахууны үнийн бууралтыг ам.доллараар тооцож үзвэл шатахууны үнэ 28 хувиар буурсан байгаа. Гэтэл хүмүүс 2-3 хувь буурсан гэж мэдээлж байх жишээтэй гэсэн хариултыг өглөө.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд 14-15 компани шатахуун импортолж байгаа бөгөөд Орос, Хятад, Солонгос, Япон, Латви, Литва зэрэг улс орноос шатахуун оруулж ирж байгаа юм.
Нэгдүгээр сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 50 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 66, Аи-92 автобензин 55, дизелийн түлш 51, ТС-1 29 хоногийн нөөцтэй байгаа юм.
Д.ЦЭЭНЭ