Японд сурах оюутнууд батламжаа гардан авлаа

Хуучирсан мэдээ: 2016.01.28-нд нийтлэгдсэн

Японд сурах оюутнууд батламжаа гардан авлаа

Монгол, Япон улсын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд 1005 инженерийг Япон улсад сургаж, бэлтгэхээр болсон. Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй “Инженер Технологийн дээд боловсрол” төсөл эхэлснээр нийт 143 багш, судлаач, оюутан Японы Коосэн сургууль болон бусад инженерийн их дээд сургуулиуд суралцахаар батламжаа авчээ. Өнөөдөр дахин 24 оюутан, 70 багш, судлаачид Япон улсын их, дээд сургуульд суралцах эрхийг салбарын сайд нь гардуулсан юм. Энэ үеэр салбарын сайд Л.Гантөмөр Японд суралцахаар явж буй оюутнуудад “Япончууд биднийг үйлдвэрлэгч орон болоосой гэж хүсч байгаа. Үйлдвэрлэгч орон болохын тулд та бүгдээс өөрөө хийж чаддаг инженер, өөрөө зохион бүтээж, шинийг санаачлагч, асуудлыг шийддэг хүн болохыг төр засгаас шаардаж байна. Мөн 24 жилийн өмнө яг та бүхэн шиг Япон улсад тэтгэлгээр сурахаар явж байсан ах хүний хувьд захихад японы ард түмний ажилсаг, хичээнгүй, шударга чанараас сайн суралцаарай. Дүнгийн хойноос хөөцөлдөх биш лабораторид цагаа сайн өнгөрүүлээрэй” гэдгийг захилаа. Оюутнуудаас гадна судлаач, багш нар судалгааны багаар Японд очиж, туршлага судлах. Япончуудтай хамтарч судалгаа хийх, тэдний ашиглаж буй судалгааны тоног төхөөрөмж, программыг Монголдоо авчирахаар дээрх тэтгэлэгт хамрагджээ.

Японд суралцах тэтгэлэгээ өнөөдөр гардан авсан оюутнууд өнгөрсөн 1.5 жилийн хугацаанд байгаль ухаан, физик, математикийн хичээлийг түлхүү судалж, Япон хэлийг бие даан сурсан байна. Ихэвчлэн эрэгтэй хүүхдүүд инженер мэргэжлийг сонирхдог. Гэтэл өнөөдөр ШУТИС-ийн гурван эмэгтэй оюутан барилгын инженерчлэл, цахилгаан инженерчлэл, мэдээллийн технологи гэсэн мэргэжлээр сурахаар батламжаа гардан авлаа. Тэд японд гурван жилийн хугацаанд суралцаж, эзэмшсэн мэргэжлээрээ эх орондоо ирж ажиллана гэсэн гэрээг сургуультайгаа байгуулжээ.

Монголыг уул уурхайн салбар биш мэдлэг, боловсролтой боловсон хүчингүүд хөгжүүлнэ. Ингэхийн тулд төр боловсролын салбартаа хүчтэй хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Эргээд оюутан, сурагчид бакалавр, магистрийн дипломны араас бус боловсролын чанар, ур чадвартай мэргэжилтэн болохын төлөө хөөцөлддөг байх хэрэгтэйг салбарын сайд нь сануулсаар байгаа юм.

Д.УУДАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж