Дэлхийн II дайнд Японы ашиглаж байсан "Zero" байлдааны онгоц 70 жилийн дараа дахин нислэг үйлджээ. “Мицубиши” хүнд үйлдвэрт бүтээсэн "Zero" байлдааны онгоцыг шинэчлэн сайжруулснаар лхагва гаригт /I.27/ туршилтын нислэг хийсэн байна. Туршилтын нислэгийг АНУ-ын нисэх хүчний чөлөөндөө гарсан нисгэгч Скип Холм үйлджээ. “A6M Zero" байлдааны онгоц Японы өмнөд хэсгийн Каноя тэнгисийн баазаас хөөрч нислэг үйлдсэн аж. Дахин нислэг үйлдсэн онгоцыг 1970 онд Папуа Шинэ Гвиней улсад олдсон бөгөөд өнгөрсөн есдүгээр сард Японы бизнесмен Масахиро Ишизука худалдаж авах хүртэл АНУ-ын эзэмшилд байжээ.
Японы "Zero" байлдааны онгоц нь дэлхийн II дайны үед Их Британийн “Spitfire” сөнөөгч онгоцтой өрсөлдөхүйц хүчин чадалтайд тооцогдож байв. Алсын зайнд нислэг үйлдэх чадамж нь 1941 онд Сувдан эрэгт АНУ-ын флотыг бөмбөгдөх боломжийг олгож байжээ.
Япончуудын хувьд “Zero" байлдааны онгоц нь тус улсын техник технологийн дэвшлийн бэлэгдэл бөгөөд эзлэн түрэмгийллийн гэрч нь болж үлджээ.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS