УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд олонхийн саналаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-аас дээрх хуулийг 2015 оны тавдугаар сарын 29-ний өдөр баталж, 2016 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс дагаж мөрдөхөөр заасан байна. Түүнд УИХ-ын бусад шийдвэрийг санаачлах, тэдгээрийн төсөл боловсруулах, магадлан шалгах, хэлэлцүүлэх, УИХ-д өргөн мэдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг хэвлэн нийтлэх, мэдээлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан аж. Гэвч хууль тогтоомжийн тухай хуулийг холбогдох байгууллага, албан тушаалтан, олон нийтэд сурталчлан таниулах чиглэлээр сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах, мөн хөрөнгө санхүү шаардаж байгаа учраас хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр өөрчлөлт оруулсан байна.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “УИХ-аас баталж байгаа хуулийн үйлчлэх хугацааг 2017 оны нэгдүгээр сарын 1-н болгон хойшлуулж байгаа нь буруу” гэсэн асуудлыг хөндсөн бол Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын зүгээс хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой нэмэлт төсөв шаардаж буй учраас хойшлуулахаас аргагүй болж байгаа юм гэв.
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Г.ДАРЬ