Азийг нэрвэсэн улстөрийн хавсарга

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Азийг нэрвэсэн улстөрийн хавсарга

Ази тивд энэ жилийн хавар хуйсгануур араншин гаргаж улирах төлөвтэй байна. Хаврын эхний сараас Азийн аялал жуулчлалын диваажин гэгддэг Тайландын нийслэл тэр чигээрээ хувьсгалч улаан өнгөөр бүрхэж /одоогийн эрх баригчдыг эсэргүүцэгчид улаан цамцаар ижилсэж байгаа юм/ хөдөлгөөн тэмцлийн давалгаа тус орны амгалан тайван байдлыг алдагдуулж орхилоо. Засгийн газрыг эсэргүүцсэн жагсагчдын өөдөөс хүчний байгууллагынхан нь буу зэвсэг хэрэглэж, нөгөөдүүл нь ч бас хариу барьснаар олон хүний амь нас хохирч, хүчирхийлэл газар авах байдалтай болсон билээ.

Яг энэ үйл явдалтай зэрэгцээд Төв Азийн Киргиз улсад мөн л бослого тэмцэл өрнөж одоогийн Ерөнхийлөгчөө суудлаас нь авч хаяхын тулд буу шийдэм хэрэглэсэн олон мянган босогчид цэрэг цагдаагийнхантай шууд дайтав. Хүчирхийлэл дээд цэгтээ хүрч цус урсан олон хүний амь үрэгдлээ. Яван явсаар энэ хүчирхийлэл үндэстэн хоорондын сөргөлдөөн болж хувирахдаа тулсан юм. Шилээ даран болж өнгөрсөн, дэлхий нийтийн мэдээллийн гол хэрэгслүүдийн тэргүүн нүүрнээс буухгүй байсан эл үйл явдлуудыг бүрэн хэмжээгээр шинжихэд амар биш ч нэг л зүйл их тодорхой харагдаж байгаа юм. Энэ хоёр орны улстөрийн амьдрал дахь өрсөлдөөн гүнзгийрч илэрхий байр сууриа булаацалдсан улстөрчдийн амбиц нь яван явсаар хүчирхийллийн зам руу орууллаа гэсэн дүгнэлт хийж болохоор байна. Амбицнаасаа болж улс орноо хүчирхийллийн талбар болгосон тэдгээр улстөрчид хэн бэ гэдгийг хэлэх нь бараг үйл явдлын тодорхойлолтыг харуулаад өгчих байх. Яагаад гэвэл Азийн дээрх хоёр оронд өрнөсөн тогтворгүй нөхцөл байдлын шалтгаанууд нь улс орны нийтлэг эрх ашгаас улбаатай гэхээсээ илүү улстөрчдийнх нь байр сууриа булаацалдсан явцуу сонирхлоос үүдэлтэй мэт харагдаж байна.

Хамгийн харамсалтай нь эдгээр тэмцэл бүгд маш өндөр үнэ цэнэтэй. Тайландад 21 хүний амь үрэгдсэн бол Киргизэд 79 хүн амиа алдсан байна. Гэвч энэ эмгэнэлт тоо баримтад одоогоор мэдээллийн хэрэгслүүд л анхаарлаа хандуулж байгаа болохоос биш энэ тоо цаашид нэмэгдэх эсэхэд хариу өгч чадах улстөрч алга байна. Хүчирхийллийг эхлүүлсэн атлаа зогсоох чадвар дутдаг нь угаасаа ултөрчдийн гэм биш зан бололтой. Ийм жишээг бүр ойрхноос бид ч олж харж байсан билээ.

Вачичива Чинават хоёр

Аялал жуулчлалын салбар нь өндөр хөгжсөн гэдгээрээ дэлхий нийтэд өргөн танигдсан Тайланд нь хаант засаглалтай орон юм. Харин улс орны өдөр тутмын амьдралыг шийдэж явах үүргийг Засгийн газрын тэргүүн нь хүлээдэг байна. Тус оронд яг одоо бол гаднын хүн авах нь битгий хэл нийслэлийнх нь иргэд тайван байж суухаа больж мэдэхээр хөдөлгөөн тэмцэл өрнөөд сар гаран боллоо. Тайландын иргэдийг хоёр хувааж тэмцэлдүүлээд байгаа шалтгаан аль дөрвөн жилийн өмнөөс бий болсон гэхэд хилсдэхгүй.

Сөрөг хүчний Таксин Чинават: 2006 онд тухайн үеийн Ерөнхий сайд байсан Таксин Чинаватыг НҮБ-ын Чуулганд оролцож байх үеэр улс оронд нь төрийн эргэлт гарч Засгийн газрынх нь бүх эрхийг цуцалж орхисон байдаг. Ингээд түүний оронд сөрөг хүчнийхэн цэргийнхний дэмжлэгтэйгээр Засгийн эрхэнд гарч ирсэн байна. Гэвч сөрөг хүчнийхэн тун удалгүй хоорондоо өрсөлдөж улмаар одоогийн Ерөнхий сайд Апхисит Вачичива Тайландын засгийн эрхийг гартаа авчээ. Сөрөг хүчнийхэн нь ийнхүү дотроо өрсөлдөж эхэлснийг ашиглаж экс-Ерөнхий сайд Таксин Чинават хэдийгээр улс орноосоо гарч гадаадад амьдарч байсан ч улс төрд өөрийн орон зайг дахин сэргээхээр оролдож эхэлжээ. Үүнээс л Тайландын улстөрийн амьдрал жинхэнэ буцалж эхэлсэн юм. Таксин Чинават байсгээд өөрийн дэмжигч нартаа мэдээллийн хэрэгслээр дүрстэй илгээмж явуулан одоогийн Засгийн газрын эсрэг иргэдээ турхирч байсан гэж хэлэхэд болно. 

Зарим нэг эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэмцэлдэж байгаа хоёр лидерийн нэг, хуучин эрх баригч буюу Таксин Чинават нь хөдөө орон нутгийн иргэдийн дунд илүү их нэр хүндтэй гэнэ. Тэрээр засгийн эрхийг барьж байх үедээ фермерүүдийн зээлийн хугацааг хойшлуулах, эмнэлгийн үйлчилгээний үнэ тарифыг бууруулах гээд олон зүйлийг санаачлан гүйцэтгэсэн байна. Мөн түүнийг засгийн эрх барьж байх үеэр Тайландын эдийн засагт эерэг ололтууд олон гарч байсан гэнэ. Тайландад 2005 онд болж өнгөрсөн, хүмүүнлэгийн болон эдийн засгийн асар их хохирол авчирсан цунамийн аюулын дараа улс орноо сэргээн босгоход тэрээр ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гавьяатай аж. Гэвч энэ бүх сайн талуудыг нь баллаж орхисон өөр жишээ ч байна. 2004 лалын шашинтай иргэдийнхээ эсрэг маш хатуу арга хэмжээ авсан болоод онц аюултай тахианы ханиад өвчний талаархи мэдээллийг нуун дарагдуулахыг завдсан зэрэг нь түүний нэр хүндийг чамгүй унагажээ. Мөн тэрээр огцрохынхоо өмнө улс орныхоо голлох компаниудын нэгийг гадаадын бизнесүүдэд зарж орхисон нь олны дургүйцлийг маш их хүргэсэн гэдэг. Түүнд Тайландын шүүхээс коррупцийн хэргээр хоёр жил шоронд суух  ял оноож Интерполоор хүртэл эрэн сурвалжилж байлаа. Гэвч энэ нь түүнийн Арабын Нэгдсэн Эмират, Англи зэрэг орнуудад ажиллаж амьдрахад нь огтхон ч саад болохгүй л байна. Барууны орнуудад өндөр боловсрол эзэмшсэн түүнийг Камбож улс Засгийн газрынхаа эдийн засгийн зөвлөхөөр томилон ажиллуулснаас болж Тайланд болон Камбожийн харилцаа муудахад хүрч байгаа билээ.

Одоогийн Ерөнхий сайд Апхисит Вачичива  :   Өрсөлдөгчтэйгээ адил зүйл нь гэвэл мөн барууны өндөр боловсролтой нэгэн, тэгээд ч Их Британид төрж өссөн хүн юм. 2008 оны арванхоёрдугаар сард өрсөлдөгчийнх нь улстөрийн үйл ажиллагааг бүрэн хаасны дараа түүнийг Ерөнхий сайдын албан тушаалд сонгосон байна. Тэрээр 2005 оноос эхлэн Тайландын Ардчилсан намыг тэргүүлж байгаа бөгөөд улстөрийн эрчимтэй гараагаа эхэлж байх үеэс өрсөлдөгчийнхөө алдаан дээр “ажиллахыг” чармайж байсан гэдэг. Тухайлбал лалын шашинт иргэдийн эсрэг Тайландын өмнөд хэсэгт явуулж байсан дайныг зогсоох, боловсролыг хүртээмжтэй болгох гээд олон ажил хийхээр амлаж байсан байна. Тэр ч байтугай өрсөлдөгч Чинаватын дэмжигчдийн үйл ажиллгааг хорихгүй байх, түүний хэрэгжүүлж байсан эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг хадгалж үлдэнэ гэж хэлж байжээ. Ажиглагчдын үзэж  байгаагаар бол одоогийн Ерөнхий сайд Вачичивагийн дэмжигчид нь голдуу дундчуул , хааны ордны хүрээнийхэн, мөн хөрөнгөтнүүд болж байгаа аж. Гэвч одоогийн Ерөнхий сайд өөрийн улстөрийн өрсөлдөгчөөсөө илүү дарангуйлагч бодлого явуулж байгаа гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа билээ. Тэрээр хааны эсрэг шүүмж хэлсэн хүмүүст оноох ял цаазыг улам чангалж байгаагийн дээр интернэтийн хэрэглээнд хязгаарлалт тавих болсон байна. Мөн саяхан болоод өнгөрсөн санхүүгийн хямралаас гарах арга замаа олохгүй байна гэсэн шүүмжтэй тулгараад байгаа юм.

Хамгийн сүүлд авсан мэдээгээр бол Тайландын одоогийн засаг захиргааг эсэргүүцэгчдийн лидерүүд нь эрх баригчдад ирэх сарын дундуур бууж өгөх бодолтой байгаагаа мэдэгдсэн ажээ. Гэвч босогчид жагссан хэвээр байгаа бөгөөд эрх баригчид тэднийг нийслэлийнхээ зарим хэсгээс гаргахыг оролдсон боловч амжилтад хүрэхгүй байгаа юм. Улаан цамцтангууд буюу одоогийн эрх баригчдыг эсэргүүцэгчид парламентыг тараан дахин сонгууль явуулахыг шаардсаар байгаа ч одоогоор тодорхой хариу өгөөгүй байна. Хэрэв одоогийн эрх баригчид асуудлыг өөрийн талд шийдвэл экс-Ерөнхий сайд Чинаватын хувьд тэмцлийн шохоорхлоо Английн хөлбөмбөгийн тэргүүн лигийн өрсөлдөөнийг үзэж тайлахаас өөр аргагүйд хүрэх нь… /Тэрээр Английн тэргүүн лигт эхний тавд өрсөлдөж байгаа Манчестер Сити багийн эзэн билээ/

М.НАСТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж