Ху Жинтао Оросуудтай байгалийн хийн талаар тохиролцлоо

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Ху Жинтао Оросуудтай байгалийн хийн талаар тохиролцлоо

АНУ-ын нөлөөг сулруулах хүч зөвхөн Орос, Хятад хоёрт бий гэж итгэдэг хүн цөөнгүй. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүдийн гол төлөөлөл болох энэ хоёр орны эрх баригчид ч үүнийгээ нотлох мэт сүүлийн үед хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд   чиглэсэн олон алхам хийх болжээ. Түүний нэг нь Орост хийж буй Хятадын Ерөнхийлөгч Ху Жинтаогийн айлчлал юм. Тэрбээр өнгөрсөн лхагва гарагт Москвад хүрэлцэн очсон. Дараа нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын уулзалт, Санкт-Петербург дэх Олон улсын эдийн засгийн форумд оролцсон байна. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев, Ерөнхий сайд Владимир Путинтай тусгайлан уулзжээ. Тэд НАТО-гоос Ливид явуулж буй цэргийн ажиллагааг дэмжихээ мэдэгдэж, Иран, Хойд Солонгосыг тойрсон цө­мийн зэвсгийн хэлэлцээрт идэвхтэй оролцоно гэж амлав. Ху Жинтаогийн айлчлалын үеэр хамгийн их анхаарал татаж байсан асуудал бол хоёр орны хооронд хий тээвэрлэх тухай юм.

Газрын тос, байгалийн хийн хамгийн том хэрэглэгч орон бол Хятад. Харин хамгийн том нийлүүлэгч улс нь Орос. Тэд хөрш гүрнүүд. Аль, аль нь АНУ болон баруун Европын зах зээлээс хараат бус байхыг хүсдэг. Энэ утгаараа хоорондоо байгалийн хийн худалдаа хийх нь хамгийн боломжит хувилбар юм. Гэвч үнийн тал дээр харилцан тохиролцоонд хүрч чадахгүй байгаа билээ. Ху Жинтаогийн төрийн айлчлалын үеэр энэ асуудал шийдэгдэнэ гэж шинжээчид таамаглаж байв.

Олон улсын зах зээл дээр байгалийн хийн үнэ өсч байгаа нь хэлэлцээр амжилттай болоход саад болж буй хэвлэлүүд онцлох болсон. Албаны төлөөлөгчдийн мэдэгдэж буйгаар талууд хоолойгоор хий тээвэрлэхээр төлөвлөж байгаа. Эхний хэлэлцээр төрийн айлчлал эхлэхийн өмнөхөн болсон боловч амжилтад хүрээгүйгээр барахгүй хэлэлцэгч талуудын хооронд нэлээд таагүй уур амьсгал үүсгээд байжээ. Гэвч Ху Жинтао Москвад айлчилсан явдал нь хийн худалдаа хийх хэлэлцээр энэ оны дундуур гэхэд амжилттай дуусна гэх найдварыг төрүүлээд байгаа юм. Хятадын эрх баригчид энэ зунаас дотоод дахь эрчим хүчний нийлүүлэлтээ бууруулж, хэмнэх бодлого баримталж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, тус улс эрчим хүчний хомсдолд орж магадгүй юм. Тиймээс хятадууд Оросоос тээвэрлэн аваачихаар төлөвлөсөн 68 тэрбум метр.куб бүхий байгалийн хийгээс хэрхэвч татгалзаж чадахгүй. Оросын тал түүн дээр нь дөрөөлж, нэлээд шантаажилж байгаа бололтой. Гэхдээ Ху Жинтао үүнийг  хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хэрэв Оросын төрийн мэдлийн “Газпром” хий нийлүүлэхээс татгалзвал тэдэнд өөр олон сонголт бий хэмээн онцолж байгаа юм.
Одоогийн байдлаар Хятад улс Туркменистанаас 30 тэрбум метр.куб байгалийн хий авчихаад байгаа. Түүнчлэн Мянмар улсаас хий авахын тулд хоолой барьж магадгүй гэдгээ мэдэгдсэн. Хятадын газрын тосны компаниуд Австрали, Катар гэх мэт газруудаас усан онгоц ашиглан түүхий эд тээвэрсэн авчирсаар байна. Энэ бүхэн нь Ху Жинтаог барьц алдахгүй, өөртөө итгэлтэйгээр Оросын талаас тавьж буй шаардлагын эсрэг сөрөн зогсох боломж олгосон гэж хэлж болох юм. Түүхий эдийн экспортын хувьд Европын орнуудаас хамааралгүй байх хүсэл Оросын эрх баригчдад их байгаа билээ. Зарим шинжээчийн нотолж буйгаар Хятад өөрийн гэсэн байгалийн хийн үйлдвэртэй. Хэрэв шинжээчид хөөцөлдсөөр байгаад тус улсад байгалийн хийн нөөц байгааг баталж чадвал оросууд хий зарж баяжихтай манатай болно гэсэн үг. Хэлэлцээр хийх товоо хойшлуулсаар байгаа нь талуудын аль, алинд сөргөөр нөлөөлж байна.  Одоогийн байдлаар Хятадад байгалийн хий дамжуулах хоолой байгуулах ажлыг өнөө маргаашгүй эхлүүлэх сонирхолтой байна.

Талууд хэлэлцээр байгуулж ча­дахгүй байгаад хоёр шалтгаан бий хэмээн шинжээчид дүгнэжээ. Юун түрүүнд, “ЮКОС” компанийн асуудал юм. М.Ходорковскийд хэ­рэг үүсгэн шалгаж эхэлсний дараа Хятадтай газрын тосны худалдаа хийж байсан ганц компани болох “ЮКОС”-ыг хаасан нь хоёр орны худалдаанд сөргөөр нөлөөлсөн юм. Түүнчлэн санхүүгийн хямралын үед Оросын эдийн засгийг аврах зорилгоор зүүн Сибирийн Номхон далайн бүс нутагтай холбосон хийн хоолойг 25 тэрбум ам.доллараар байгуулсан. Өнгөрсөн жилээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн энэ­ хоолойгоор зөвхөн Оросын ком­паниудад тээвэрлэлт хийхийг зөвшөөрсөн билээ. Иймэрхүү асууд­лаас болж Хятад, Оросын хийн хэлэлцээр бүтэлгүйтсээр байгаа юм. Гэхдээ Ху Жинтаогийн айлчлалын дүнд байдал харьцангуй дээрдэх байх хэмээн шинжээчид дүгнэжээ.

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж