БНСУ-ын виз өөрчлөгдөөгүй гэв

Хуучирсан мэдээ: 2016.01.28-нд нийтлэгдсэн

БНСУ-ын виз өөрчлөгдөөгүй гэв

Зарим мэдээллийн сайтуудад БНСУ руу 90 хоногийн хугацаанд зорчих аяллын визний журамд гурван төрлийн өөрчлөлт оруулсан гэсэн мэдээлэл гарсныг холбогдох албаныхан үгүйсгэж байна. БНСУ-ын Элчин сайдын яамны зүгээс ямар нэгэн тайлбар өгөхгүй байгаа ч тус улсын ЭСЯ-нд виз мэдүүлэх эрх бүхий байгууллага болох Паспорт экспресс интернэйшнл компанийн ажилтантай холбогдон доорх тодруулгыг авлаа.

-БНСУ-д виз мэдүүлэх нөхцөлд гурван төрлийн өөрчлөлт орсон гэх юм. Энэ үнэн үү?

-Өчигдрөөс хойш манайх руу олон иргэн холбогдож, энэ тухай асууж байна. БНСУ-д зорчих визний нөхцөлд ямар нэгэн шинэ өөрчлөлт огт ороогүй. Гурван жилийн өмнөөс мөрдөж ирсэн тэр журам яг хэвээрээ байгаа.

-Сарын 500 мянган төгрөгөөс дээш цалинтай иргэн нийгмийн даатгалаа сүүлийн зургаан сарын турш тасралтгүй төлсөн бол банкинд мөнгө байршуулахгүй байх нөхцөл хэвээр үү?

-Тийм ээ, хэвээрээ. Өмнө нь ямар байсан яг тэр хэвээрээ байгаа.

-Виз хүсэж буй иргэд албан газрын тодорхойлолтгүй байсан ч зөвхөн нийгмийн даатгалын дэвтрээрээ виз авах боломжтой гэж зарим мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн байна. Энэ журам одоо  хэвээр үү?

-2015 оны дөрөвдүгээр сараас долдугаар сард орсон өөрчлөлтийг андуурч мэдээлсэн байна. Одоо БНСУ руу зорчих хүсэлтэй визний материал бүрдүүлж буй иргэд ажлын газрын тодорхойлолт, байгууллага, компанийн гэрчилгээний хуулбар, хувиараа бизнес эрхлэгчид түрээсийн гэрээ, түрээсийн төлбөрийн баримт зэргээ заавал хавсаргана. Эдгээр баримтгүйгээр зөвхөн нийгмийн даатгалын дэвтрээрээ визэнд орох боломжийг өнгөрсөн жил гурван сарын хугацаатай үйлчилж байсан журам шүү гэдгийг дахин сануулъя.

-Байнгын ажил хөдөлмөр эрхлээгүй, нийгмийн даатгал төлөөгүй  иргэд банкны барьцаанд 5-8 сая төгрөг байршуулж байсан. Энэ заалт ч өөрчлөгдөөгүй юу. Мөн тэтгэврийн насныхан хэрхэн зорчих вэ?

-БНСУ-д хувиараа бизнес эрхлэгч болон нийгмийн даатгал төлөөгүй  иргэд таван сая төгрөг банкинд байршуулж байгаа. Найман сая төгрөг байршуулах заалт огт байхгүй. Тэтгэврийн насны виз хүсэгчид банканд заавал барьцаа хөрөнгө байршуулах шаардлагагүй хэмээн хариулж байна.

Ямартай ч БНСУ-д 90 хоногийн хугацаатай аяллын зорилгоор зорчих визний нөхцөл хуучин хэвээр байгаа ажээ. Харин тус улсад суралцах, албан ёсоор ажиллах, эмчилгээ үйлчилгээнд хамрагдах, бизнес эрхлэх зэрэг аяллаас бусад зорилгоор тус улсад зорчих хүсэлтэй хүмүүсийн хувьд бүрдүүлэх материал дээрх тодруулгад дурдсанаас өөр гэдгийг сануулъя.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж