Фото: Raheb Homavandi / Reuters
Иран хоёр жилийн дараа Европт байгалийн хий нийлүүлэхээр төлөвлөж байгаа тухай The Wall Street Journal сонин мэдээлсэн байна. Иранд байгалийн хийн асар их нөөц байгаа ч түүнийг зөөх экспортын дэд бүтэц байхгүй. Исламын Бүгд найрамдах улс энэ талаар хэд хэдэн хувилбарыг авч үзэж байна. Iran LNG гэсэн төслийг сэргээн үргэлжлүүлэн барих явдал байж болохыг National Iranian Gas гэх үндэсний компанийн тэргүүн Алиреза Камели (Alireza Kameli) мэдэгдэв. Энэ хийг шахах байгууламж нь 40 хувийн гүйцэтгэлтэй байгаад Ираны эсрэг хориг арга хэмжээний улмаас 2012 онд зогссон юм.
Өөр нэг хувилбар нь хийн хоолойг Персийн булангийн ёроолоор Оман хүртэл байгуулаад тэдний дэд бүтцээр Европт хүргэж болох ажээ. Камелийн хэлснээр Оман хоёр жилийн дотор хийн хоолойг барина гэж амласан гэнэ.
Тегеран бас нэг хувилбараар хийг шахах далайн цогцолбор бүтээхээр Европын компаниудтай хэлэлцээр хийж байна. Үүнийг барьж бүтээхэд бас хоёр жил хэрэгтэй ажээ.
Үүнийг дагаад Иран нефтийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх гэнэ. Европын хэрэглэгчдэд өдөрт 500 мянган баррель нефть нийлүүлэхийг Иран засгийн газар зөвшөөрсөн бөгөөд нэг баррелийн үнийг иранчууд 6,55 доллараар хөнгөлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР