Франц-Монголын соёлын өдрүүд эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Франц-Монголын соёлын өдрүүд эхэллээ

Соёл урлагийн өлгий нутаг болсон Францаас утга зохиолын төлөөлөгчид өнөөдөр манай улсад ирлээ. Тэд Франц номын “Эрвээхэй” дэлгүүрээс санаачлан хоёр дахь жилдээ зохиож буй “Монгол-Францын соёлын өдрүүд 2011”-т оролцох юм. Хоёр орны утга зохиолын төлөөлөгчидтэй байгалийн сайхан бүрэлдсэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт суманд маргаашаас эхлэн энэ сарын 25 хүртэл хамтарсан уулзалт хийн, хэлэлцүүлэг өрнүүлэн уран бүтээлээ туурвих ажээ. Үүгээр дамжуулан Франц-Монголын утга зохиолын салбарынхан харилцан туршлага солилцох, цаашид уран зохиолын салбарт хамтран ажиллаж уран бүтээл туурвих зорилготой эл соёлын арга хэмжээ өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд нээлтээ хийлээ. Тус арга хэмжээ нь ирэх жилийн гуравдугаар сард Францад улсад зохиогдох “Монгол-Францын соёлын өдрүүд”-ийн хүрээнд болох “Номын яармаг” хэмээх нэр хүндтэй томоохон арга хэмжээний гарааг тавьж буйгаараа онцлог юм. Хэвлэлийн хуралд хүрэлцэн ирсэн Францын зохиолчид Монголын тал нутагт уулзалт хийн саатан тухлах гэж буйдаа баяртай байгаагаа онцлоод, тэндээс олон сайхан шинэ бүтээлийн санаа төрнө гэдэгт итгэлтэй байна хэмээн ярилаа. Өнгөрсөн жилийн анхны уулзалтын дараа зохиолч Мэнд-Ооёо Патрик Фишман хоёр нийлж зохиол бүтээл туурвин хамтын бүтээлээ гаргасан юм. Мөн монгол үлгэрийн төрлөөр зохиолч Мэнд-Ооёо Францын зохиолч Омерик нар хамтран үлгэрийн цуврал зохиолч туурвиж байгаа аж.

“Франц-Монголын соёлын өдрүүд 2011”-ийн бүрэлдэхүүнд Францын зохиолч Жорж Оливие Шаторэно, шүүмжлэгч, зохиолч Филипп Катинчи, зохиолч Силви Дезор, роман, үлгэр зохиогч, дуучин Патрик Фишман Сөе, зохиолч Тиэрри Гандило, зохиолч Омерик, яруу найрагч Софи Нолли, Андре Вальтэр нар багтаж байгаа юм. Харин манай монголын яруу найрагч зохиолчдын бүрэлдэхүүнд Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Тувагийн урлагийн гавьяат зүтгэлтэн Чинагийн Галсан, Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Г.Аюурзана, хүүхдийн зохиолч О.Сундуй, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо болон Б.Галсансүх, Б.Шүүдэрцэцэг, Ц.Батбаатар, Монгол “бадарчин” Амай нар оролцох аж.

 Соёлын арга хэмжээний хаалтын ажиллагаа энэ сарын 26-нд Улаанбаатар хотноо болох ба хоёр орны зохиолчид Үндэсний номын санд зочлон Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд саатан уншигчидтай уулзалт хийнэ. Мөн өдөр 18.00 цагт “Black Box” театрт хүндэтгэлийн тоглолт хаалтын арга хэмжээ болох юм. Энэ арга хэмжээнд “Бөртэ”, “Алтан ураг” хамтлаг оролцон үндэсний урлагийн гайхамшгийг мэдрүүлэх бөгөөд дэлхийд гайхагдсан уран нугаралтын үзүүлбэр болон үлээвэр найрал хөгжмийн тоглолт, дуучин A Cool ая дуугаа өргөн барих юм. Хаалтын ёслол дээр Ж.К.Фаскелийн нэрэмжит шагнал гардуулах ёслол болно. Францын алдарт зохиолчид болох Эмиль Зола, Жюль Валэ, Жори-Карл Хайсмансын бүтээлүүдийг хэвлэж байсан Өжэн Фаскелийн ач хүү, Шарль Фаскелийн хүү, Жан Ростанд болон Панёлийн хэвлэгч, таван үеэрээ өв залгамжлан эзэмшиж байгаа “Grasset Fasquelle” хэвлэлийн газрын ерөнхийлөгч ноён Жан Клод Фаскель өнгөрсөн жил Монгол Улсад хүрэлцэн ирж энэхүү нэр хүндтэй шагналыг Францын утга зохиолыг орчуулан, монгол уншигчдад хүргэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяаг нь үнэлэн, МУИС-ийн франц хэлний анхны багш, Боловсролын тэргүүний ажилтан Б.Хэнмэдэхт гардуулж байсан юм. Энэ удаагийн арга хэмжээнд тэрбээр өөрийн биеэр ирж чадахгүй болсон тул “Монгол чоно” романы зохиогч Омерик тус шагналыг гардуулахаар болжээ. Гэхдээ одоохондоо энэ шагналын эзний нэр нууц байгаа аж.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж