“Франц-Монголын соёлын өдрүүд 2011”-ийн бүрэлдэхүүнд Францын зохиолч Жорж Оливие Шаторэно, шүүмжлэгч, зохиолч Филипп Катинчи, зохиолч Силви Дезор, роман, үлгэр зохиогч, дуучин Патрик Фишман Сөе, зохиолч Тиэрри Гандило, зохиолч Омерик, яруу найрагч Софи Нолли, Андре Вальтэр нар багтаж байгаа юм. Харин манай монголын яруу найрагч зохиолчдын бүрэлдэхүүнд Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Тувагийн урлагийн гавьяат зүтгэлтэн Чинагийн Галсан, Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Г.Аюурзана, хүүхдийн зохиолч О.Сундуй, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо болон Б.Галсансүх, Б.Шүүдэрцэцэг, Ц.Батбаатар, Монгол “бадарчин” Амай нар оролцох аж.
Соёлын арга хэмжээний хаалтын ажиллагаа энэ сарын 26-нд Улаанбаатар хотноо болох ба хоёр орны зохиолчид Үндэсний номын санд зочлон Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд саатан уншигчидтай уулзалт хийнэ. Мөн өдөр 18.00 цагт “Black Box” театрт хүндэтгэлийн тоглолт хаалтын арга хэмжээ болох юм. Энэ арга хэмжээнд “Бөртэ”, “Алтан ураг” хамтлаг оролцон үндэсний урлагийн гайхамшгийг мэдрүүлэх бөгөөд дэлхийд гайхагдсан уран нугаралтын үзүүлбэр болон үлээвэр найрал хөгжмийн тоглолт, дуучин A Cool ая дуугаа өргөн барих юм. Хаалтын ёслол дээр Ж.К.Фаскелийн нэрэмжит шагнал гардуулах ёслол болно. Францын алдарт зохиолчид болох Эмиль Зола, Жюль Валэ, Жори-Карл Хайсмансын бүтээлүүдийг хэвлэж байсан Өжэн Фаскелийн ач хүү, Шарль Фаскелийн хүү, Жан Ростанд болон Панёлийн хэвлэгч, таван үеэрээ өв залгамжлан эзэмшиж байгаа “Grasset Fasquelle” хэвлэлийн газрын ерөнхийлөгч ноён Жан Клод Фаскель өнгөрсөн жил Монгол Улсад хүрэлцэн ирж энэхүү нэр хүндтэй шагналыг Францын утга зохиолыг орчуулан, монгол уншигчдад хүргэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяаг нь үнэлэн, МУИС-ийн франц хэлний анхны багш, Боловсролын тэргүүний ажилтан Б.Хэнмэдэхт гардуулж байсан юм. Энэ удаагийн арга хэмжээнд тэрбээр өөрийн биеэр ирж чадахгүй болсон тул “Монгол чоно” романы зохиогч Омерик тус шагналыг гардуулахаар болжээ. Гэхдээ одоохондоо энэ шагналын эзний нэр нууц байгаа аж.