Энэ хүнийг С.Батмөнх гэдэг. Тэрбээр Архангай аймгийн Чулуут сумын малчин. С.Батмөнх гуайн хувьд гэр бүлийн хүн Д.Оюунчимэгийн хамтаар зун, намаржин боловсруулсан цагаан идээгээ борлуулж, олсон хэдэн төгрөгөөрөө цагаан сарын бэлтгэлээ базаахаар нийслэлд иржээ. Тэд энэ удаад тонн гаруй цагаан идээтэй ирсэн байна. Энэ жил цаг агаар хүйтэрч, оройтож зун болсноос малчид ч цагаан идээ бага хураажээ. Гэхдээ л хэдэн малын буянд цагаан идээгээ борлуулж, сар шинийн баярынхаа бэлтгэлээ тов хийтэл базаачихна хэмээн тэд ярьж байна. С.Батмөнх гуайн хувьд малчны хотонд, өөрийн гараар боловсруулсан бүтээгдэхүүнээр нийслэлчүүдийнхээ сар шинийн идээг мялааж байдгаараа бахархдаг гэдгээ хэлсэн юм.
Архангайн Чулуут сум гэдэг ааруул, идээгээрээ алдартай нутаг учраас зах, худалдааны төвийнхөн ч байнга түншилж, дуртай авдаг гэлээ. Явуулын худалдаачид шиг гурилаар багсарчихсан, чанаргүй идээ болов уу гэж айх зүйлгүй учраас С.Батмөнх гуайн боловсруулсан идээг байнга худалдаж авдаг гэдгээ Бөмбөгөр худалдааны төвийн цагаан идээний тасгийнхан хэлсэн юм.
Ер нь жил ирэх тусам идээний чанар сайжирч, иргэд ч малчны хотноос шууд нийлүүлдэг цэвэр ааруул, ээзгийг амсаад л мэддэг болсон хэмээн худалдаачид хэлэв. Тиймээс ч гурилан ааруул лангуунаас “арчигдаж”, чанартай идээ “моодонд” орсон хэмээн тэд хошигнож байлаа.
Худалдаачдын хувьд сар шинэ дөхсөн ч гэлээ худалдан авалт өмнөх жилүүд шиг сайн биш байгаа гэв. П.Жаргалбуян гуайн хувьд л гэхэд 13 жил цагаан идээний худалдаа хийжээ. Харин сүүлийн хоёр жилд л худалдан авагч муутай хэцүүхэн үе тохиож буйг онцлов. Тиймээс энэ жил цагаан идээний үнэд өөрчлөлт ороогүй байна. Цагаан сарын үеэр эрэлттэй байдаг хорхой ааруулын хувьд нэг кг нь 10 мянга, сүүн ааруул 18 мянга, хуруудесөн мянга, говийн бор ааруул 18 мянга, ээзгий найман мянга, өрөм 9-10 мянган төгрөгийн үнэтэй байна.
Бөмбөгөр худалдааны төвөөс гараад “Сар шинэ-2016” үзэсгэлэн гарч буй Шөнийн захыг зорилоо. Энд 10 гаруйхан лангуунд цагаан сарын үзэсгэлэн гарч байгаа ч хөл хөдөлгөөн багатай байв. Ихэнх лангуунд хэвийн боовны худалдаа хийж байна. Сар шинийн брэнд болсон хэвийн боовны хувьд зүсэлттэй, зүсэлтгүй, шар тосонд багсарснаасаа шалтгаалаад ширхэг нь 1900-2500 төгрөгийн хооронд үнэтэй.
Эцэст нь Чингисийн талбайд гарч байгаа сар шинийн үзэсгэлэнг зорьсон юм. Гадаа -20 хэмийн хүйтэн болоод ч тэр үү энд хөл хөдөлгөөн багатай. Худалдаачдын зүгээс “Монголчууд эртнээсээ л аливаа юмыг цагийг нь тулгаж хийдэг зуршилтай болохоор одоогоор худалдан авалт тааруухан л байна” гэв. Энд голдуу Архангай аймгийн малчид бүтээгдэхүүнээ дэлгэн тавьжээ. Хорхой ааруул, хэвийн болон сүүн ааруул хил нь 10-18 мянган төгрөгийн хооронд үнэтэй.
Ер нь сүүлийн жилүүдэд монголчууд уламжлалт идээгээ цэвэр, чанартай боловсруулахын зэрэгцээ баярын ширээ, идээний тавган дээр тавихад өнгөлөг байдлыг бодолцож хийдэг болжээ. Ааруул л гэхэд хорхой, чихрэн, бөмбөлгөн гээд олон төрлийн хэлбэр хийц, өнгө үзэмжтэйгээр боловсруулдаг болсноо малчид, үйлдвэрлэгчид ч энэ үеэр онцолж байсан юм. Мөн тэд “Хэдий худалдан авалт тааруу байгаа ч иргэд нэг авахдаа чанартай бүтээгдэхүүнээс гар татдаггүй болсон нь сүүлийн жилүүдийн онцлог юм уу даа” гэж байлаа.
Б.ЗОЛЗАЯА
ЗУРАГЛААЧ: Н.БАТМӨНХ
Холбоотой мэдээ