Ц.Ням-Осор: Aймгуудад 400-500 сая төгрөг хуваарилсан

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Ц.Ням-Осор: Aймгуудад 400-500 сая төгрөг хуваарилсан

Жижиг дунд үйлдвэрийн газрын дар­га Ц.Ням-Осортой ярилцлаа.

-Жижиг дунд үйлдвэрлэлийг хөг­­жүүлэх талаар явуулж буй сүү­­лийн үеийн ажлуудаасаа танил­цуул­на уу?

-Сумдад үйлдвэрлэл хөгжүүлэх сан­гийн ажил ид ундарч байна. Ма­най улсын хувьд, хамгийн том, шийд­вэрлэх шаардлагатай асууд­луудын нэг бол яах аргагүй сум хөг­жүүлэх явдал юм. Үүнтэй хол­богдуулан Сумдад үйлдвэрлэл хөгжүүлэх санг бий болголоо. Сан­гийн мөнгийг өнгөрсөн тавдугаар са­рын 17-ны өдөр бүх аймагт шил­жүүлээд дууссан. Энэ сангийн мөнгийг хэрхэн зарцуулах, яаж ол­гох, төслийг хаана хүлээж авах, төсөл хэр­хэн бичих тухай сур­­галт, семинар, зөвлөлгөөнүүдийг өн­гөрсөн хоёрдугаар сараас хойш Жижиг дунд үйлдвэрийн газраас хан­галт­тай хийсэн. Аймаг, сумд одоо бэлт­гэлээ бүрэн хангасан байх ёстой.

-Хэчнээн төгрөгийг энэ санд ху­римтлуулсан бэ?

-24 тэрбум төгрөг. Үүнийг ху­вааж үзвэл, нэг суманд хүн амаа­саа хамаараад 50- 265 сая төгрөг хуваа­рилж байна. Яагаад ийм ялгаатай байна вэ гэхээр 1500-хан хүнтэй сум, 10 мянган иргэнтэй аймгийн төв гээд ялгаа их байна шүү дээ.

-Зээлийн хүү, олгох байдал нь ямар байдаг юм бэ?

-Сумдад үйлдвэрлэл хөгжүүлэх сан бол нэлээд давуу талтай юм. Нэгдүгээрт жилийн хүү нь гур­ван хувь. Маш бага бай­гаа биз. Хоёрдугаарт, хугацаа нь гур­ван жил. Бас л урт хугацаа. Мөн бан­каар дамжуулж зээлээ олгохгүй. Яагаад гэхээр сумдад банк­ны барь­цаа хангалтгүй байна. За­рим суманд арилжааны банкны сал­бар байдаггүй. Тиймээс сум бүрийн Ир­гэдийн тө­лөө­лөгч­дийн хурал, За­саг дарга л энэ мөнгийг хэрхэн зарцуулахаа шийднэ. Аймаг, сум, агент­лаг, яамнаас ямар ч оролцоо байх­гүй. Ингэснээр сумдад зээл хүрэхгүй байна гэдэг гомдол үгүй болно. Сумдад өгсөн тэр мөнгө тэндээ үлдэнэ. Эргэж татахгүй гэсэн үг. Сумдын удирдлагууд тэр мөн­гийг тохирох үйлдвэрт нь сан­хүүжилт хэлбэрээр өгч, эргээд мөн­гөө авч дараагийн төсөлд дахин шил­жүүлнэ. Түрүүчийн хүн нь зээл авлаа, төл­лөө. Дараагийн хүн нь авна. Бид холбогдох журмыг нь баталлаа. Энэ са­рын 30 гэхэд бүх мөнгийг иргэдэд шил­жүүлж дуусна.

-Сумдын удирдлагууд ийм хэм­жээ­ний мөнгөнд зохицуулалт хийж чадах болов уу?

-Хэрэв мөнгийг шударга бус хуваа­рилсан, буруу зарцуулсан нь хяналт, шалгалтаар тогтоогдвол мөн­гөний эх үүсвэрийг хураана. Цаашид дахин зээл олгох боломжгүй байхаар журамласан. Сумд ингээд мөнгөтэй бол­чихлоо. Аймгуудад урьдын адил бас мөнгө хуваарилсан. Нийт 400-500 сая төгрөг өгсөн л дөө.

-Жижиг дунд үйлдвэрлэлийг дэм­­жихээр Засгийн газар 150 тэр­бум төгрөгийн бонд гаргахаар бол­сон. Урьд жилүүдийнхээс ха­маа­гүй их хө­рөнгө энэ салбарт зар­цуулагдах нь?

-Энэ мөнгөтэй холбоотойгоор өн­гөрсөн долоо хоногт бид бүх яам, 21 аймаг, мэргэжлийн холбоод, 12 банк­наас судалгаа авлаа. Нийт 150 тэр­бум төгрөгөөр ямар, ямар бизнест сан­хүү­жилт хэлбэрээр олгох вэ гэсэн зорил­готойгоор хийсэн судалгаа л даа. Одоо энэ судалгааг дүгнэхээр ажиллаж бай­на. Энэ 150 тэрбум төгрөгийн зээл бол таван жилийн хугацаатай, до­лоон хувийн хүүтэй зэрэг давуу тал ихтэй эх үүсвэр байгаа юм. Өн­гөрсөн жилүүдийн зээл 10-12 ху­вийн хүүтэй байсан шүү дээ. Энэ мөнгөний 70-80 хувийг импортыг ор­лох үйлдвэрлэлд зарцуулна. Ин­гэ­хээр 10 хүртэлх сая төгрөгийн зээ­лийг сумаасаа, 50 хүртэлх саяын зээ­лийг аймгаасаа, 100 саяас дээш бол салбар яаманд хандан төслөө та­нилцуулж байж бизнесээ эхлэх нь.

-Ер нь жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэхэд зориулж олгосон зээ­­лийн үр дүнд ямар өөрч­лөлт гар­сан бэ?

-Өнгөрсөн хоёр жилд олгосон жи­жиг дунд үйлдвэрлэлийн зээл эрхзүйн хувьд нэлээд сайн байлаа. Жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөө­рөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль гээд эрх зүйн акт бий. Мөн энэ хуулийн хүрээнд 1200 гаруй аж ахуйн нэгжид 9.9 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлжээ. Өнгөрсөн хоёр жилд олгосон 60 тэр­бум төгрөгөөр 3200 гаруй аж ахуйн нэгжийг дэмжиж, 11700 гаруй ажлын байрыг шинээр бий болгосон.

-Үйлдвэрлэлийн хувьд ямар үр дүн гарсан гэж үзэж байна вэ?

-Аймаг бүр өөрсдийн гэсэн үйлд­вэртэй болсон шүү дээ. Аймгууд тоос­го, блок, талх, нарийн боов, өн­дөг, но­гооны аж ахуй байгуулахаа шийд­чихлээ. Хорь гаруй нэр төрлийн бараа, бүтээг­дэхүүнийг орон нутагт маш сайн үйлдвэрлэж байна. Улаанбаатараас талх, на­рийн боов зөөхөө больсон аймаг олон байна. Удахгүй гутал зөөхөө ч больж магадгүй. Тоосгоны үнэ нийс­лэлд 300 төгрөгийн ханштай бай­даг бол орон нутагт 130-150 төг­рөгөөр зарж байна. Хүнсний ногооны та­риалалт эрс сайжирсан. Гол нь зоо­рийн аж ахуйг дэмжихгүй бол хад­галалтад бага зэрэг асуудал гарч байна. Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлээр 256 нэр төрлийн ба­раа, бүтээгдэхүүнийг дэмжинэ гээд жагсаалт гаргасан байгаа. Эх­ний хоёр жилд 196 үйлдвэрийг нь дэмжсэн.

-Зээлийн эргэн төлөлт ямар бай­гаа вэ?

-Эргэн төлөлт маш өндөр хурд­тай байгаа. Учир нь 10, 20 сая төгрөг зээлсэн хүмүүс “зээлээ хурдхан тө­лөөд дараагийнхаа авъя. Далан сая төгрөгийн зээлд хамрагдъя” гэц­гээх болсон. Хоёр жилийн өмнө орон нутагт ажиллаж байхад “5-10 сая төгрөгийн зээл өгөөч” гэж гуйдаг байсан бол одоо “50 сая төгрөг ч бага байна” гэж хэлэх боллоо. Хүмүүс үйлдвэрлэл эрхлэхийг хүсч байна шүү дээ. Дээр нь зээл хүсэгчид ч нэмэгдэх хандлагатай байна.

-Орон нутагт жижиг дунд үйлд­­вэрлэл хөгжүүлэх тал дээр нэлээд шүүмжлэл гардаг?

-Ядуурлыг бууруулъя, нийслэл рүү чиглэсэн нүүдлийг зогсооё гэ­­­вэл ерөөсөө л жижиг дунд үйлд­вэр­лэлийг хөгжүүлэх ёстой. Бүгдээрээ Оюутолгой, Таван­тол­гойд ажиллаж чадахгүйгээс хойш өөр яах юм бэ. Дээр нь жижиг дунд үйлдвэрлэлд зах зээл байна. Ху­вийн бизнестэй болоод эхлэхээр хү­мүүсийн толгой ажиллаж байна. Ар­хи уух, тэнэхээс татгалзах нь зүйн хэрэг шүү дээ. Үйлдвэрлэсэн бараа, бү­тээгдэхүүнээ хаана ний­лүүлэх, үйлдвэрлэлээ хэр­хэн өргө­жүүлэх вэ гээд ажиллаж эхэлж байна. Ямар ч бай­сан гадны орнууд жижиг дунд үйлд­вэрлэлээ 30-40 жилийн турш дэм­жиж байж хөл дээр нь босгодог. Түүн шиг бид явах ёстой замаараа явж байна.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж