-Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар явуулж буй сүүлийн үеийн ажлуудаасаа танилцуулна уу?
-Сумдад үйлдвэрлэл хөгжүүлэх сангийн ажил ид ундарч байна. Манай улсын хувьд, хамгийн том, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын нэг бол яах аргагүй сум хөгжүүлэх явдал юм. Үүнтэй холбогдуулан Сумдад үйлдвэрлэл хөгжүүлэх санг бий болголоо. Сангийн мөнгийг өнгөрсөн тавдугаар сарын 17-ны өдөр бүх аймагт шилжүүлээд дууссан. Энэ сангийн мөнгийг хэрхэн зарцуулах, яаж олгох, төслийг хаана хүлээж авах, төсөл хэрхэн бичих тухай сургалт, семинар, зөвлөлгөөнүүдийг өнгөрсөн хоёрдугаар сараас хойш Жижиг дунд үйлдвэрийн газраас хангалттай хийсэн. Аймаг, сумд одоо бэлтгэлээ бүрэн хангасан байх ёстой.
-Хэчнээн төгрөгийг энэ санд хуримтлуулсан бэ?
-24 тэрбум төгрөг. Үүнийг хувааж үзвэл, нэг суманд хүн амаасаа хамаараад 50- 265 сая төгрөг хуваарилж байна. Яагаад ийм ялгаатай байна вэ гэхээр 1500-хан хүнтэй сум, 10 мянган иргэнтэй аймгийн төв гээд ялгаа их байна шүү дээ.
-Зээлийн хүү, олгох байдал нь ямар байдаг юм бэ?
-Сумдад үйлдвэрлэл хөгжүүлэх сан бол нэлээд давуу талтай юм. Нэгдүгээрт жилийн хүү нь гурван хувь. Маш бага байгаа биз. Хоёрдугаарт, хугацаа нь гурван жил. Бас л урт хугацаа. Мөн банкаар дамжуулж зээлээ олгохгүй. Яагаад гэхээр сумдад банкны барьцаа хангалтгүй байна. Зарим суманд арилжааны банкны салбар байдаггүй. Тиймээс сум бүрийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга л энэ мөнгийг хэрхэн зарцуулахаа шийднэ. Аймаг, сум, агентлаг, яамнаас ямар ч оролцоо байхгүй. Ингэснээр сумдад зээл хүрэхгүй байна гэдэг гомдол үгүй болно. Сумдад өгсөн тэр мөнгө тэндээ үлдэнэ. Эргэж татахгүй гэсэн үг. Сумдын удирдлагууд тэр мөнгийг тохирох үйлдвэрт нь санхүүжилт хэлбэрээр өгч, эргээд мөнгөө авч дараагийн төсөлд дахин шилжүүлнэ. Түрүүчийн хүн нь зээл авлаа, төллөө. Дараагийн хүн нь авна. Бид холбогдох журмыг нь баталлаа. Энэ сарын 30 гэхэд бүх мөнгийг иргэдэд шилжүүлж дуусна.
-Сумдын удирдлагууд ийм хэмжээний мөнгөнд зохицуулалт хийж чадах болов уу?
-Хэрэв мөнгийг шударга бус хуваарилсан, буруу зарцуулсан нь хяналт, шалгалтаар тогтоогдвол мөнгөний эх үүсвэрийг хураана. Цаашид дахин зээл олгох боломжгүй байхаар журамласан. Сумд ингээд мөнгөтэй болчихлоо. Аймгуудад урьдын адил бас мөнгө хуваарилсан. Нийт 400-500 сая төгрөг өгсөн л дөө.
-Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихээр Засгийн газар 150 тэрбум төгрөгийн бонд гаргахаар болсон. Урьд жилүүдийнхээс хамаагүй их хөрөнгө энэ салбарт зарцуулагдах нь?
-Энэ мөнгөтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт бид бүх яам, 21 аймаг, мэргэжлийн холбоод, 12 банкнаас судалгаа авлаа. Нийт 150 тэрбум төгрөгөөр ямар, ямар бизнест санхүүжилт хэлбэрээр олгох вэ гэсэн зорилготойгоор хийсэн судалгаа л даа. Одоо энэ судалгааг дүгнэхээр ажиллаж байна. Энэ 150 тэрбум төгрөгийн зээл бол таван жилийн хугацаатай, долоон хувийн хүүтэй зэрэг давуу тал ихтэй эх үүсвэр байгаа юм. Өнгөрсөн жилүүдийн зээл 10-12 хувийн хүүтэй байсан шүү дээ. Энэ мөнгөний 70-80 хувийг импортыг орлох үйлдвэрлэлд зарцуулна. Ингэхээр 10 хүртэлх сая төгрөгийн зээлийг сумаасаа, 50 хүртэлх саяын зээлийг аймгаасаа, 100 саяас дээш бол салбар яаманд хандан төслөө танилцуулж байж бизнесээ эхлэх нь.
-Ер нь жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэхэд зориулж олгосон зээлийн үр дүнд ямар өөрчлөлт гарсан бэ?
-Өнгөрсөн хоёр жилд олгосон жижиг дунд үйлдвэрлэлийн зээл эрхзүйн хувьд нэлээд сайн байлаа. Жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль гээд эрх зүйн акт бий. Мөн энэ хуулийн хүрээнд 1200 гаруй аж ахуйн нэгжид 9.9 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлжээ. Өнгөрсөн хоёр жилд олгосон 60 тэрбум төгрөгөөр 3200 гаруй аж ахуйн нэгжийг дэмжиж, 11700 гаруй ажлын байрыг шинээр бий болгосон.
-Үйлдвэрлэлийн хувьд ямар үр дүн гарсан гэж үзэж байна вэ?
-Аймаг бүр өөрсдийн гэсэн үйлдвэртэй болсон шүү дээ. Аймгууд тоосго, блок, талх, нарийн боов, өндөг, ногооны аж ахуй байгуулахаа шийдчихлээ. Хорь гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг орон нутагт маш сайн үйлдвэрлэж байна. Улаанбаатараас талх, нарийн боов зөөхөө больсон аймаг олон байна. Удахгүй гутал зөөхөө ч больж магадгүй. Тоосгоны үнэ нийслэлд 300 төгрөгийн ханштай байдаг бол орон нутагт 130-150 төгрөгөөр зарж байна. Хүнсний ногооны тариалалт эрс сайжирсан. Гол нь зоорийн аж ахуйг дэмжихгүй бол хадгалалтад бага зэрэг асуудал гарч байна. Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлээр 256 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг дэмжинэ гээд жагсаалт гаргасан байгаа. Эхний хоёр жилд 196 үйлдвэрийг нь дэмжсэн.
-Зээлийн эргэн төлөлт ямар байгаа вэ?
-Эргэн төлөлт маш өндөр хурдтай байгаа. Учир нь 10, 20 сая төгрөг зээлсэн хүмүүс “зээлээ хурдхан төлөөд дараагийнхаа авъя. Далан сая төгрөгийн зээлд хамрагдъя” гэцгээх болсон. Хоёр жилийн өмнө орон нутагт ажиллаж байхад “5-10 сая төгрөгийн зээл өгөөч” гэж гуйдаг байсан бол одоо “50 сая төгрөг ч бага байна” гэж хэлэх боллоо. Хүмүүс үйлдвэрлэл эрхлэхийг хүсч байна шүү дээ. Дээр нь зээл хүсэгчид ч нэмэгдэх хандлагатай байна.
-Орон нутагт жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх тал дээр нэлээд шүүмжлэл гардаг?
-Ядуурлыг бууруулъя, нийслэл рүү чиглэсэн нүүдлийг зогсооё гэвэл ерөөсөө л жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой. Бүгдээрээ Оюутолгой, Тавантолгойд ажиллаж чадахгүйгээс хойш өөр яах юм бэ. Дээр нь жижиг дунд үйлдвэрлэлд зах зээл байна. Хувийн бизнестэй болоод эхлэхээр хүмүүсийн толгой ажиллаж байна. Архи уух, тэнэхээс татгалзах нь зүйн хэрэг шүү дээ. Үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээ хаана нийлүүлэх, үйлдвэрлэлээ хэрхэн өргөжүүлэх вэ гээд ажиллаж эхэлж байна. Ямар ч байсан гадны орнууд жижиг дунд үйлдвэрлэлээ 30-40 жилийн турш дэмжиж байж хөл дээр нь босгодог. Түүн шиг бид явах ёстой замаараа явж байна.
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин