-Б.Хурцад холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал удахгүй болно. Шүүх хурлаар Английн тал эцсийн шийдвэр гаргах магадлал өндөр байгаа. Харин манай тал үүнд хэр бэлтгэсэн бэ?
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг шүүх хурлыг хойшлуулаагүй. Харин шүүх хурал түр завсарлачихсан байгаа. Тэгэхээр энэ сарын 23, 24-нд үргэлжлэх шүүх хурлаар эцсийн шийд гаргах магадлал өндөр байгаа юм. Гэхдээ хойшлохгүй гэсэн баталгаа ч байхгүй байна. Бидний зүгээс “Эцсийн шийдвэрийг гаргаасай. Шүүх хурлыг битгий хойшлуулаасай” л гэж хүсч байгаа. Ер нь шүүхийн шийдвэрийг манай талд гаргуулах магадлал бүхий хэд хэдэн баримтыг тавьчихсан.
-Шүүх хурлын шийдвэрт нааштайгаар нөлөөлж болох баримтуудыг хүргүүлсэн гэлээ. Ямар баримтууд юм бол?
-Шүүх хурал болох гэж байхад энэ талаар ярих нь зохимжгүй. Харин шүүх хурал болсны дараа аяндаа бүх юм тодорхой болох байх.
-Шүүх хуралд манай талыг төлөөлж ямар хүмүүс оролцох вэ?
-Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар Монголоос оролцоно. Мэдээж хэрэг, Монгол Улсаас Англи улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд оролцоно.
-Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж Б.Хурцын асуудлаар Английн хүний эрхийн байгууллагад хандана гэдгээ мэдэгдсэн. Танай яамнаас энэ талаар ямар байр суурь баримталж байгаа вэ?
-Одоохондоо энэ талаар мэдсэн зүйл алга.
-Ардчилсан залуучуудын холбооны даргатай нэгэнт уулзсаных асуухгүй өнгөрч болохгүй нэг асуулт байна. “Нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооны даргын томилгоог шударга бус хийсэн” хэмээн Хан-Уул болон Баянзүрх дүүргийн Ардчилсан залуучуудын холбооныхон эсэргүүцэл зарлаад байгаа. Ямар учраас тэр вэ?
-Нийслэлийн Ардчилсан залуучуудын холбоо бол Нийслэлийн Ардчилсан намын салбар байгууллага. Нийслэлийн Ардчилсан намаас тус холбооны хурлыг зарлаж, хуралдуулсан. Тиймээс дүрэм, журам зөрчсөн асуудал байхгүй. Төлөөлөгчдийн хувьд, нийслэлийн Ардчилсан намаас “Хан-Уул дүүрэгт маргаан эцэслэн шийдэгдээгүй учир тус дүүргийн төлөөллийг оруулахгүй” гэсэн чиг үүргийг ирүүлсэн. “Хан-Уул дүүргийнхнийг оруулаагүй” гээд байгаа залуу өөрөө тэргүүний сонгуульд өрсөлдөж ялагдсан юм билээ. Хэрэв тэрбээр ялсан бол яах байсан бол. “Хурал хүчингүй” гээд гүйхгүй байсан нь лавтай. Харин Баянзүрх дүүргийн залуучуудын төлөөлөл хуралд оролцсон шүү дээ.
-Дээрх дүүргийн залуучууд нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндорж та хоёрт мэдэгдэл хүргүүлсэн. Ш.Түвдэндорж дарга “Хурлыг дахин зарлаж болно. Харин нийслэлийн Ардчилсан нам ямар нэгэн хариуцлага хүлээхгүй. Ардчилсан залуучуудын холбоо хурлын зохион байгуулалтын ажлыг гардаж хийсэн” гэсэн хариултыг өгсөн байсан. Харин та хариулт өгөөгүй гэсэн. Ямар учраас тэр вэ?
-Ардчилсан залуучуудын холбоо нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооны хурлын зохион байгуулалтыг хийсэн нь үнэн. Гэхдээ энэ нь мандат тараах, хурал зохион байгуулах танхим бэлтгэх зэрэг асуудлыг л шийдсэн төдий. Харин хуралд Ардчилсан залуучуудын холбооноос ямар нэгэн санал оруулах эрх байхгүй шүү дээ. Хариу өгөөгүйн хувьд шаардлага ирүүлсэн тохиолдолд л хариу өгдөг гэж би ойлгодог. Тэгээд ч нийслэлийн Ардчилсан намаас тодорхой хариулт өгчихсөн гэж ойлгож байгаа.
-Дахин хурал зарлах боломжтой гэж үү?
-Нийслэлийн Ардчилсан намаас тийм хариулт өгөөгүй байсан. Үүсээд байгаа энэ асуудлыг дүүргийн нэр барьж яваа хэсэг залуус маргаан үүсгээд яваад байгаа юм болов уу гэж би харж байгаа. Эдгээр залуус Ардчилсан залуучуудын холбоонд хэрэгтэй. Гэтэл ийм зүйл хийгээд яваа нь сонин л байна. Сонгууль эхлэх гэж байхад дотроо маргаан үүсгэх хэрэггүй л болов уу.
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин