Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг жилд таван сая орчим иргэн хүртдэг гэх тооцоо бий. Тэгвэл энэ жилийн хувьд нэмэлт өөрчлөлт орсон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлснээр иргэдэд даатгалаас үзүүлэх тусламж, үйлчилгээ нэмэгдэж байгаа билээ. Энэ хүрээнд 2016 онд худалдан авах гэрээ байгуулах эмнэлэг, эмийн сангийн байгууллагын тоог ч нэмжээ. Тухайлбал, өнгөрсөн жил Нийгмийн даатгалын ерөнхий газраас 967 эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулж байсан бол энэ жил 1103 болгож нэмсэн байна. Ингэснээр жилд таван сая орчим иргэн эрүүл мэндийн үйлчилгээ авдаг байсан бол энэ тоо улам нэмэгдэнэ хэмээн тооцоолж байна.
Энэ жилийн хувьд эрүүл мэндийн даатгалаас иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний багцыг өргөжүүлж 11 төрөл болгосон. Өмнө нь нэг иргэн жилдээ эрүүл мэндийн даатгалын сангаас 1.8 сая төгрөгийн үйлчилгээ авах эрхтэй байсан бол шинэ хуулиар хоёр сая болгож нэмсэн. Харин шинээр нэвтрүүлж буй тусламж үйлчилгээний зардалд 32 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.
Бас нэгэн шинэчлэл нь эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ хүртэх иргэн бүр цахим карттай болно. Иргэдийг цахим карттай болгоно, мөн эрүүл мэндийн үйлчилгээнд цахим сан бүрдүүлнэ. Ингэж эрүүл мэндийн даатгалаас иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг ил тод, чирэгдэлгүй болгоно гэж тайлбарлаж байгаа юм. Одоогоор эрүүл мэндийн үйлчилгээ авдаг иргэдийг цахим карттай болгох асуудлыг ХАХНХЯ-нд ажлыг хэсэг гарган хэрэгжүүлж байгаа гэлээ.
Б.ЗАЯА