-Австралийн нээлттэй тэмцээнийг Беларусын В.Азаренка өндөрлүүлж, Их Британы Конта түүхэн амжилт үзүүлж, цааш өрсөлдөх эрхээ авлаа-
Азарека, Конта.
Энэ сарын 18-ны өдөр Мельбурн хотноо эхэлсэн "Австралийн нээлттэй тэмцээн" өндөрлөх дөхөж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангиллын хагас шигшээд өрсөлдөх теннисчид тодорлоо. Дэлхийн тэргүүн теннисчин АНУ-ын Серена Уильямс, Польшийн А.Радваньска нар эхний эрхийг аваад байсан.
Тэгвэл удаах өрсөлдөөнөөс Беларусын В.Азаренка хасагдлаа. Тэрбээр шөвгийн наймд Германы А.Керберт 3:6, 5:7-оор хожигдсоноор цааш өрсөлдөх эрхгүй болсон.
Азаренка, Кербер
Тэгвэл энэ хэсгээс 25 настай Их Британы Жанг Конта шилдэг тоглолтуудыг үзүүлсээр тэмцээнийг цааш үргэлжлүүлэхээр боллоо. Тэрээр БНХАУ-ы Шүа Жанг 6:4, 6:1-ээр буулган авснаар “Их дуулга”-ын оргил амжилтаа үзүүллээ. Мөн Конта 1984 оноос хойш "Их дуулга"-ын хагас шигшээд үлдэж чадаагүй байсан Их Британы эмэгтэй теннисчдийн амжилтыг зогсоож чадлаа.
Конта эхний тойрогт тэмцээнд наймд эрэмбэлэгдэн тоглосон АНУ-ын нэрт теннисчин Винус Уильямсыг 6:4, 6:2-оор хожиж, гараагаа амжилттай эхэлсэн юм. Улмаар БНХАУ, Чехийн теннисчдийг хожиж, дөрөвдүгээр тойрогт ОХУ-ын Е.Макароватай оноолт таарсан. Энэхүү тоглолтод Конта 4:6, 6:4, 8:6-аар өрсөлдөгчөө хожсоноор шилдэг наймд үлдсэн. Түүний дараагийн өрсөлдөгч эхний тойрогт тэмцээнд хоёрт эрэмбэлэгдсэн Румыны С.Халепыг хожсон БНХАУ-ын Шүа Жан байсан. Гэвч энэ тоглолтод Конта илүү байж, 6:4, 6:1-ээр өрсөлдөгчөө хожин хагас шигшээд үлдлээ. Түүний хувьд А.Керберийг хожих юм бол аваргын төлөө тоглох юм.
Их Британы Жанг Конта.
ХАГАС ШИГШЭЭ:
- АНУ-ын Серена Уильямс/1/ – Польшийн А.Радваньска /4/
- Германы А.Кербер /7/ – Их Британы Конта нар шалгараад байна.
Эмэгтэйчүүдийн хагас шигшээ тоглолтууд маргааш болж, финалд өрсөлдөх теннисчид тодорно.
Өдгөө дэлхийн чансааг тэргүүлж буй АНУ-ын Серена Уильямс аваргаа хамгаалахаар тоглож буй. Түүний хувьд "Их дуулга"-ын 21 цомыг өргөөд байгаагаас "Австралийн нээлттэй тэмцээн"-д 2003, 2005, 2009-10, 2015 онуудад түрүүлээд байна. Польшийн А.Радваньскагийн хувьд 2014 онд үзүүлж байсан амжилтаа давтсан бол Германы Кербер "Австралийн нээлттэй тэмцээн"-ий хамгийн өндөр амжилтаа үзүүллээ. Харин энэ удаагийн тэмцээнд Их Британы Конта шилдгүүдийг хожсоор "Их дуулга"-ын оргил амжилтаа үзүүллээ.
Нэгдүгээр сарын 18-нд эхэлсэн "Australian Open-2016" тэмцээний шагналын сан нь 44 сая ам.долларт багтжээ. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангиллын шөвгийн наймд үлдвэл 400 мянган, хагас шигшээд 800 мянган, дэд аварга 1,9 сая ам.долларын мөнгөн шагнал хүртэнэ. Харин тэмцээний аварга 3,8 сая ам.долларыг өөрийн болгох юм.
Ч.БОЛОР