Би сайн номоо бичээгүй юм шиг байна

Хуучирсан мэдээ: 2016.01.27-нд нийтлэгдсэн

Би сайн номоо бичээгүй юм шиг байна

Уул нь би “Аав, ээж, би” номоо дөнгүүр болчихов уу гээд хөөрцөглөж явсан юм. Тэгтэл шүлгийн даага намайг Булганаас хөтлөн ирж утга зохиолын их сүрэгт нийлүүлсэн багш маань “Энүүхэндээ гэхэд чи юу бичээд байна аа? Үхэр мал гэрлэн дохиогоор бэлчээрт гардаг ч гэх шиг, ямаа уулын оргилд бие биенээ олсоор татдаг ч гэх шиг. Социалист реализм зөвхөн бодит үнэнийг бичдэг зарчим шүү!” гэлээ. Нээрэн тийм. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг. Аж төрж буй нийгмийнхээ дэг жаягийг дагахгүй бол юу ч дуулж мэднэ. Олон жил би багшийн хоолойгоор дуулж, найрал дуунд зогссон. Тэгээд өөрийнхөө дуу хоолойг арай гэж олж аваад гоцлон дуулах гэсэн минь тийнхүү бүтэлгүйтэв бололтой. Үзэл суртлын хар довог улам ширүүсч эдийн засгийн шинжтэй болоод ирлээ. Нэг нэг үгээр шүлгээ мөрлөж, түүний тоогоор илүү мөнгө хүүдийлэх гэсэн шунахайн сэдэлтэй хэрэг болоод явчихав. Харин түүнд тайлбар өгмөөр санагдлаа. Зургаан настай дүүгийнхээ зургаас юунд ч баригдаагүй сэтгэлгээний эрх чөлөөг олж хараад шүлгээ ч бас түүнд нийцүүлэн задгайлж, дөрвөн мөрөөр хайрцагладаг хэвшмэл аргаас зугатах гэж оролдсон минь тэр. Тэгэж байтал үүлэн чөлөөний нар шиг нэг үг сонстов. “Нар шингээгүй байна” өгүүллэгээрээ сэтгэлийг минь дэнслүүлж орхисон П.Лувсанцэрэн миний номыг уншиж элгээ хөштөл инээгээд “Төрийн шагнал авах цорын ганц ном” хэмээн ярьж явсан гэнэ. Гадаадаас ч бас шинэ мэдээ. Уул номыг Москвад хагас сая хувиар хэвлэжээ. Дуурийн дуучнаас хүүхдийн шүлэг рүү хөтлөн оруулсан Корней Чуковскийн авъяаслаг шавь Эмма Мошковская нь орчуулжээ. Цааш цаашаа олон хэл дээр гарсан байх. Лав л Украйн, Туркмен, Болгарт хэвлэгдсэнийг нь тэдгээр оронд зорчсон Ш.Ванчаарай, П.Пүрэвсүрэн нар авчирч өгч байсан.

Социалист реализмын ганц аргатай тэдгээр оронд миний ном харшлаагүй юм байх даа. 1982 онд Японы нэрт монголч эрдэмтэн Озава Шигаогийн оролцоотойгоор Токиод хэвлэгдэхэд би аль хэдийн эсэргүү бүлэгт элсчихээд хорлон сүйтгэх ажиллагаа өрнүүлсний учир улс төрийн шийтгэл амсаад байв. Тэр мэдээг ардчиллын жилүүдэд дуулсан нь яамай даа. Нэг намын дарангуйллын үед сонссон бол Зөвлөлтийн эсрэг хэрэг дээр минь Японы тагнуул гэсэн ял нэмээд аавын төрсөн ах Малжийн араас толгой дээгүүр дээл нөмөргөх байсан биз.

Чингээд би социалист реализмд харш замаас дөлсхийн агсан догшин шүлгийн дааганыхаа амыг татасхийж явтал олон улсын хүүхдийн дууны уралдаанд үгийн төрлөөр миний “Таван зүс” түрүүлсэн тухай мэдээ сонсдов. Бөх хүн дэлхийн аварга болчихвол манай улс мөнгөөр шагнаад л, аймаг сум нь машин бэлэглээд л … За тэр ч яамай. Ямар нэг яам тамгын газар хүлээж аваад чихэртэй хар цай өгөхөд л би баярлаад явчихна шүү дээ. Тэгсэнгүй. Баяр хүргэх биш бут ниргэх лантуу толгой дээр буув. “Таван зүс” шүлэг хүүхдэд буруу ойлголт өгч байна гэнэ.

Унага унага яагаад чи
Хилэн хар болсон юм бэ?
Харанхуй шөнө төрсөн юм чинь
Хар болох нь аргагүй биз ээ! гэсэн

бадгийг иш татаад “Шөнө төрснөөс унага хар болдоггүй, өдөр ч төрж болно” гэжээ. Тэрхүү хэтэрхий мэргэн гаргалгааг үзэг нэгт дотно нөхөд маань битүүхэн дэмжиж “Том хүний хараагүйг хүүхэд гярхай ажигласан байна шүү” гэлцэж байлаа. Шүүмж бичсэн хүүгийн эцэг нь утга зохиол судлалын нэрд гарсан эрдэмтэн байв. Тэгэхээр би юу хэлэх вэ. Олон улсын уралдааны цэц л буруу шүүсэн юм байлгүй дээ.

“Сайн уу, муу юу аль нь вэ хө” гэсэн эргэлзээ минь “Өргөө” номон дээр үргэлжлэв. Янз бүрийн хэлбэр дүрстэй шүлгүүдийг маань бас л социализмд харш Кубизм гэгч хөрөнгөтний харгис урсгал гэж шүүмжлээд хэвлэсэнгүй. Ашгүй ардчиллын жилүүдэд хэвлэгдэж, олон улсын хүүхдийн номын “Цагаан хэрээ” сонгон шалгаруулалтаар тодорч шилдэг бүтээлийн нэг болох нь тэр. Нэг нь хорьж байхад нөгөө нь шагнаж байдаг, сонин ч хорвоо юм даа. Үгээр тоглосон хэлбэрийн шүлгүүд нь аливаа хэвшсэн хуучин загварыг өөрчилж болох юм байна гэсэн анхдагч санааг хүүхдэд төрүүлэх учраас онцлох номоор шалгаруулсан юмсанж.

Цаг өөр болжээ. Өнгө өнгөөр гадарлаад далд санаагаар доторлосон үлгэр зохиож болох нь ээ! Тэгээд би “Морьтой үлгэр” номоо бичлээ. Хуучин нийгэмд бол, наад Алтаахай загасны чинь цаана хэн байгаа юм бэ? Есөн толгойт мангас гэж улс төрийн товчоог хэлж байгаа юм уу? гээд л мушгиж гарах биз. Эмэг ээж явган үлгэр ярьж өгдөг байлаа. Түүнийг нь би морьтой болгох гэж зөрүүдлээд арга билгийн шүтэлцээн дээр хүүхэд бүхэн өөр өөрийнхөөрөө ойлгох боломжтой үлгэр бичих оролдлого хийв. Тэгтэл томчуудын зүгээс хүүхдийн хэлээр бичээгүй, бас ойлгомжгүй хэмээн буруутгалаа. Түүнээс ч болсон уу, номын лангуун дээр 15 жил хэвтэж билээ. Харин хүүхдүүд өөр өөрөөр ойлгон ярьж байсан нь сэтгэлд найдварын гал асаав. Нөгөө айхавтар есөн толгойт мангасын тухай “Есөгчин” үлгэр Английн сурах бичигт оржээ. Өвөр монгол, Халимагийн сурах бичигт бусад үлгэрүүд нь орсон байв. Манайд таг чиг. Ах дүү Гриммийн шагналт судлаач, Францын нэрт эрдэмтэн Жан Перро “Андерсены маягаар бичсэн монгол ном” өгүүлэлдээ романы санааг богино үлгэрт багтаасан Андерсений аргыг “Морьтой үлгэр”-т давтсан тухай дурджээ. Андерсений шагналт, зууны манлай хүүхдийн зохиолч Астрид Линдгрен бие чилээрхүү үедээ “Морьтой үлгэр”-ийг үзээд баяр хөөр болж байсан тухай хувийн нарийн бичгийн дарга нь надад бичиж байсан. Тэгээд ч энэ ном маань Австри, Солонгос, Малайз, Япон, Монтенегро, Япон, Арабын орнуудад хэвлэгджээ. Гэтэл манайд төдийлөн анхаарал үл татдаг нь ямар учиртай юм бол доо?

Бас нэг номонд одоо хүртэл эргэлзсээр л байна. Нэгэн удаа монголын их говьд нүүдлийн номын сан аялуулж явахдаа хон хэрээтэй 60 жил нөхөрлөсөн эмгэнтэй танилцаж “Хар шувууны цагаан түүх” ном бичив ээ. Яг тэр үед БСШУ-ны яамнаас хүүхдийн шилдэг номын уралдаан зарлаж таарсан тул “хар шувуу”-гаа тийш нь нисгэж орхив. Барианд орсонгүй. Аргагүй дээ, баримтат зохиолыг хэн сонирхох вэ? Уран сэтгэмжийн үлгэр бичдэг байж хэмээн амаа барьж суутал Өвөр монголд хэвлэгдээд эрэлт ихтэй номын тоонд оржээ. Улмаар хятад хэлнээ орчуулагдаж, Их хуурайн түм буман уншигчдын хүртээл болсон гэнэ. Говийн эмгэн, хэрээ хоёрын нөхөрлөлийн үнэн түүхийг сонирхож буй орны тоо ч нэмэгдсээр байна. Английн хатан хааны билэг тэмдэг нь хэрээ тул би уул номыг илгээсэн билээ. Хатан хаантан надад шадар түшмэлээрээ уламжлан сонирхолтой захидал ирүүлж байсан. Гэсэн ч манай уралдааны цэцэд гологдсон болохоор “Хар шувууны цагаан түүх” дутуу л байж таараа. Тэд сайн мэдэлгүй яахав.

Бас л хашралгүй болсон явдлаас сэдэвлээд “Би хүүхдийн зохиолч” ном бичлээ. Түүндээ өөрийнхөө дуу шүлгийн DVD хавсаргав. Аймгийн номын сангууд авахыг хүссэн ч үнэ өндөр тул ямар нэг төслөөр хуваарилуулж өгөөч гэлээ. Тэгтэл соёл урлагийн газар аймгуудад хуваарилах номоо шалгаруулж авах төсөл зарлажээ. Аз болоход үзэг нэгт дотно нөхөр маань тэр төслийг хариуцаж байв. Аймгийн номын сангуудын хүсэлтийг уламжлаад би шууд л гуйлаа. Андерсен, Линдгрен, Ньюбери зэрэг гурван том шагналын эзэн, АНУ-ын нэрт хүүхдийн зохиолч Кэтрин Патерсон уул номын англи орчуулгыг засч өгөөд надад ирүүлсэн захидалдаа “Ямар ч гэсэн үүнийг шилдэг ном болно гэдгийг л би сайн мэдэж байна” гэж бичсэн учраас тийнхүү зүрх гарган гуйсан хэрэг. Тэгсэн ч гэсэн гологджээ. Ядаж аймаг бүрт ганцыг өгөх нь яав? гэж номын санчид одоо хүртэл гомдол тавьсаар байдаг. Даан ч надад мэдэл алга даа. Тэгтэл Солонгосууд надтай гэрээ хийн авч яваад хөдөлгөөнт зурагтай хөгжим дуутай маш гоё ном болгон хэвлэж орхив. Тэр ч байтугай надад байсан бүх хувийг худалдан авч явсан. Уул нь монголын маань хүүхдэд үлдсэн ч болоосой гэж би дандаа харамсан явдаг.

Хүүхдүүд “Та аль номоо хамгийн сайн гэж боддог вэ?” хэмээн асуухад нь би “Одоо бичих гэж байгаа ном минь” гэж хариулдаг. Үнэндээ гайгүй гэж бодсон ном бүхэн минь дотоодынхоо чанарын шүүлтүүрт тэнцэхгүй байгаа учраас өмнөхөөс илүү сайн шинэ ном бичихийн төлөө хичээн зүтгэхээс өөр аргагүйд хүрч байна. Гадаад талдаа үнэлэх нь яахав дээ, энэ муу монголыг харж үзье гэсэн сайхан сэтгэлийн дэмжлэг байдаг биз дээ. Хөөрхий, дээр нь миний аз таардаг байх. Би хэн нэгэнд гомдож гоншигнох гээгүй юм шүү .Тийм өнгө аяс цухалзсан бол уучлаарай . Намайг нойроос сэрээж уран бүтээлийн шинэ өглөөний замд даллан дуудсан нутаг нэгт ахан дүүстээ их баярлалаа.

Үүрийн ягаан тэнгэр дээр бялзуухай шүлгээ бичиж эхэлдэг шиг өөрийн цагаан ширээн дээрээ шинэ үлгэрээ зохиох минь.

Шүлгийн даагаа одоо үлгэрийн их насны уралдаанд сойж, цангинасан гийнгоогоор хийморийг нь сэргээгээд, амыг нь сул чөлөөтэй тавьж, ганц сайн ташуурдъя даа. Хурдны морьд арагшаа биш урагшаа харж уралддаг шүү дээ.

Жамбын ДАШДОНДОГ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж