Элсэлтийн ерөнхий шалгалт гурав хоногийн турш үргэлжилж өчигдөр өндөрлөлөө. Шалгалт өгч буй сурагчид, тэдний эцэг, эхчүүдтэй уулзахад өмнөх жилүүдэд гардаг байсан “Шалгалтын тест алдаатай. Зохион байгуулалт муу байсан” гэсэн яриа энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтыг ч тойроогүй нь харагдаж байлаа. Учир нь “Математикийн шалгалтын даалгаврын агуулга вариант тус бүртээ харилцан адилгүй. Зарим тестийн зөв хариу байхгүй байсан. Шалгалтын үеэр зарим хүүхдэд дутуу хэвлэсэн шалгалтын материал өгсөн тохиолдол гарсан” гэх хүн цөөнгүй байсан юм. Элсэлтийн шалгалт өгсөн сурагчдын хэлж буйгаар математикийн шалгалтын B, D вариантын нэг даалгаврын зөв хариу нь байхгүй байсан аж. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн байранд газарзүйн шалгалт авах үеэр цаг дуусч, хүүхдүүд хэдийнэ босчихоод байхад хэд, хэдэн хүүхдийн шалгалтын хуудсыг хурааж аваагүй тохиолдол ч гарчээ. Тус сургууль дээр авсан бусад газрынхаас хамгийн олон хүүхэд шалгалт өгөх хуваарьтай байсан аж. Гэхдээ “Шалгалтын зохион байгуулалт сайн. Даалгавар харьцангуй гайгүй байсан” гэж хэлэх хүн ч олон байлаа. Ерөнхийдөө эцэг, эхчүүд, сурагчид явц, шалгалтын даалгаврын талаар өөр, өөр бодолтой байсан юм. Энэ жилийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалтын журамд зарим өөрчлөлтийг оруулсан. Журмын дагуу элсэлтийн шалгалтын даалгаврыг тестийн эмхэтгэлээс түүвэрлэж авна хэмээж байсан юм. Шалгуулагчдын хэлж буйгаар англи хэл, химийн хичээлийн шалгалтын бүх даалгавар тестийн эмхэтгэлээс иржээ. Харин физик, математик, газарзүй зэрэг хичээлийн зарим даалгавар нь тестийн эмхэтгэлд огт байхгүй, агуулгыг нь өөрчилсөн байсан гэнэ. Боловсролын үнэлгээний төвийн захирал Б.Энхбатаас элсэлтийн ерөнхий шалгалтын явц, шалгалт тойрсон гомдол, санал ирсэн эсэхийг тодруулсан юм. Тэрбээр “Өмнөх жилүүдэд санал, гомдол их ирдэг байсан. Ялангуяа математикийн хичээлийн тест алдаатай байна гэх өргөдөл их ирдэг. Харин энэ жилийн хувьд шалгуулагчдаас ямар нэгэн гомдол ирээгүй байна” гэлээ. Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн ирэх сарын 1-нд гарах бөгөөд дүнг Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайт дээр байршуулах ажээ.
НИЙСЛЭЛИЙН ТАВДУГААР ДУНД СУРГУУЛИЙН СУРАГЧ О.ХИШИГЖАРГАЛ:
-Би гурван төрлийн хичээлээр шалгалт өглөө. Зарим ангид нэг ширээн дээр хоёр хүүхэд сууж байгаа харагдсан. Шалгалтын даалгавруудын хувьд тийм ч хүнд биш байсан. Даалгаврын 50 орчим хувь нь л тестийн эмхэтгэлээс ирсэн. Бусад даалгаврыг нь бага зэрэг өөрчилсөн байна лээ. Ерөнхийдөө сурагчдын ерөнхий мэдлэгийн түвшнийг шалгах даалгавар ирсэн гэж бодож байна. Зарим хүүхэд хугацаандаа амжихгүй байсан. Гэхдээ энэ нь тухайн хүүхдээс шалтгаалсан байх.
“ОЮУНЫ УНДРАА” ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕР Т.ЖАРГАЛСАЙХАН:
-Манай сургуулийн багш нар Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн байранд авсан элсэлтийн ерөнхий шалгалтын явцыг хяналаа. “Зохион байгуулалт харьцангуй сайн байсан” гэж дүгнэж байна. Хүүхдүүд шалгалтын хуудсан дээр байгаа бар кодтой холбоотой асуултыг их тавьсан. Үүнээс бусад зүйлийн талаар мэдээлэлтэй байгаа нь харагдлаа.
Т.УРАНГЭРЭЛЗохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин