АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоны хүүхэд насны амьдралын тухай өгүүлэх дуурийн нээлт ирэх амралтын өдрүүдэд Нью-Йорк хотын “Мэдисен шоу” театрт болно. “Билли Блиф” нэртэй уг дуурийг хөгжмийн зохиолч Бонни Монтгомери сүүлийн дөрвөн жилийн турш туурвижээ.
Билл хүүгийн нэг өдрийн амьдралыг дуурь өгүүлэх гэнэ. Дуурийн нэр нь Билл Клинтоны үнэн намтраас үүдэлтэй ажээ. Түүний төрсөн эцэг Билл Блиф нь түүнийг төрөхөөс гурван сарын өмнө өөд болсон бөгөөд ирээдүйн Ерөнхийлөгч хойд эцгээрээ овоглох болсон байна. Хөгжмийн зохиолч Монтгомери Ерөнхийлөгчтэй нэг нутаг буюу Арканзас мужийнх. “Нэг нутгийнх болохоор би түүний тухай олон сайхан түүхийг сонсож байсан. Гэхдээ түүний намтрыг өгүүлсэн ном надад гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн” хэмээн тэрбээр өгүүлэв.
Шинэ бүтээл Билл болон түүний ээж хоёрын хоорондын харилцааг гол шугам болгон харуулах юм. Ялангуяа туйлын хөгжилтэй, энгэсэг будагт хачин дуртай, мөрийтэй тоглоомд хорхойтой ээжийнх нь өвөрмөц дүрийг товойлгон гаргах гэнэ. Билл Клинтон өөрийнхөө намтрын номд хүүхэд байхдаа ээжийнхээ нүүрээ будаж байхыг өглөө бүр сонирхон хардаг байснаа өгүүлсэн нь бий. Билл Клинтонд нээлтийн урилга явуулсан боловч ирж үзэх үгүйгээ хараахан мэдэгдээгүй байгаа юм байна.