Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Дугараагийн Алтанхуяг. Тэр анх  2000 онд АНУ-ын Нью-Йорк хо­тын New York International Ballet Competition /NYIBC/ тэмцээнээс тусгай шагнал, 2001 онд Япон улсын Токио хотод Ази, Номхон далайн орнуудын дунд зохион байгуулсан тэмцээнд оролцож Монголоос анх удаа олон улсын тэмцээний ал­тан медалийг хүртэж байсан юм. Дараа нь энд, тэндээс олон шагнал “түүсэн” дээ. Одоо Японд уран бүтээлээ туур­виж буй гавьяат маань нутагтаа ирээд 10 гаруй хонож байна. Тэр энэ удаа том зорилготой иржээ. Түүний  удирддаг “Балетийн хөгжил сан”-аас зохион байгуулж буй олон улсын балетийн фестиваль өчигдрөөс эхэл­­лээ. Манай улсад анх удаа зо­хион байгуулж буй олон улсын фес­тивалийг таван тивийн шилдэг бүжигчдийн гоцлох П.И.Чайковскийн “Хунт нуур” бале­таар эхлүүлэв. Дэл­хийн “Үггүй яруу найраг” хэ­мээх энэ урлагийн өөр, өөр өнгийг Монголын тайзан дээр Д.Алтанхуяг цуглуулжээ. Энэхүү тоглолтын сим­фони найрал хөгжмийг л гэхэд түү­ний урилгаар АНУ-аас ирсэн удир­даач Марк Черчил удирдсан бол “Хунт нуур” балетийн гол дүр бо­лох ханхүү Зигфридийн дүрд гавьяат өөрөө, Одетта буюу цагаан хунд Япон улсын төв театрын гоцлол бүжигчин Миса Куранага, Оделла буюу хар хунд АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин Уитнье Женьсон нар тогложээ. Бусад дүрийг ч Колумби, Куба, Өмнөд Аф­рик, Японы бүжигчид буюу манай гавьяатын “андууд” мэргэжлийн өн­дөр түвшинд бү­тээжээ. Энэ сарын 24, 25-нд болох “Night оf Ballet” гала тоглолтод бас л Монгол, АНУ, Канад, Япон, Куба, Колумби, Англи зэрэг орны шилдэг бүжигчид оролцож, орчин үеийн болон дэлхийн сонгодог бүжгээс монголчуудад сонирхуулна. Ер нь “Хунт нуур”-ын тоглолттой үед манай Дуурийн театрын  танхим үргэлж үзэгчээр дүүрэн байдаг. Гол дүрд нь Д.Алтанхуяг тоглох сургаар өчигдрийн тоглолтын тасалбар гэхэд л хэд хоногийн өмнө дууссан гэсэн. П.И. Чайковскийн энэ суут бүтээлд дэлхийн үзэгчид тэгтлээ дурладаг нь уран бүтээлчдын жинхэнэ чадварыг шалгадагт байгаа юм. Эндээс хам­гийн өндөр үнэлгээ авдаг “Үггүй най­рагч”-ийн нэг нь Д.Алтанхуяг билээ.

Н.МӨНХТӨВШИН

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж