Дугараагийн Алтанхуяг. Тэр анх 2000 онд АНУ-ын Нью-Йорк хотын New York International Ballet Competition /NYIBC/ тэмцээнээс тусгай шагнал, 2001 онд Япон улсын Токио хотод Ази, Номхон далайн орнуудын дунд зохион байгуулсан тэмцээнд оролцож Монголоос анх удаа олон улсын тэмцээний алтан медалийг хүртэж байсан юм. Дараа нь энд, тэндээс олон шагнал “түүсэн” дээ. Одоо Японд уран бүтээлээ туурвиж буй гавьяат маань нутагтаа ирээд 10 гаруй хонож байна. Тэр энэ удаа том зорилготой иржээ. Түүний удирддаг “Балетийн хөгжил сан”-аас зохион байгуулж буй олон улсын балетийн фестиваль өчигдрөөс эхэллээ. Манай улсад анх удаа зохион байгуулж буй олон улсын фестивалийг таван тивийн шилдэг бүжигчдийн гоцлох П.И.Чайковскийн “Хунт нуур” балетаар эхлүүлэв. Дэлхийн “Үггүй яруу найраг” хэмээх энэ урлагийн өөр, өөр өнгийг Монголын тайзан дээр Д.Алтанхуяг цуглуулжээ. Энэхүү тоглолтын симфони найрал хөгжмийг л гэхэд түүний урилгаар АНУ-аас ирсэн удирдаач Марк Черчил удирдсан бол “Хунт нуур” балетийн гол дүр болох ханхүү Зигфридийн дүрд гавьяат өөрөө, Одетта буюу цагаан хунд Япон улсын төв театрын гоцлол бүжигчин Миса Куранага, Оделла буюу хар хунд АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин Уитнье Женьсон нар тогложээ. Бусад дүрийг ч Колумби, Куба, Өмнөд Африк, Японы бүжигчид буюу манай гавьяатын “андууд” мэргэжлийн өндөр түвшинд бүтээжээ. Энэ сарын 24, 25-нд болох “Night оf Ballet” гала тоглолтод бас л Монгол, АНУ, Канад, Япон, Куба, Колумби, Англи зэрэг орны шилдэг бүжигчид оролцож, орчин үеийн болон дэлхийн сонгодог бүжгээс монголчуудад сонирхуулна. Ер нь “Хунт нуур”-ын тоглолттой үед манай Дуурийн театрын танхим үргэлж үзэгчээр дүүрэн байдаг. Гол дүрд нь Д.Алтанхуяг тоглох сургаар өчигдрийн тоглолтын тасалбар гэхэд л хэд хоногийн өмнө дууссан гэсэн. П.И. Чайковскийн энэ суут бүтээлд дэлхийн үзэгчид тэгтлээ дурладаг нь уран бүтээлчдын жинхэнэ чадварыг шалгадагт байгаа юм. Эндээс хамгийн өндөр үнэлгээ авдаг “Үггүй найрагч”-ийн нэг нь Д.Алтанхуяг билээ.
Н.МӨНХТӨВШИН
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин