Шинэ удирдагчийг 25 сая ам.доллараар үнэлж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Шинэ удирдагчийг 25 сая ам.доллараар үнэлж байна

"АЛЬ-КАЙДА"-ИЙН ШИНЭ УДИРДАГЧИЙН ТОЛГОЙГ 25 САЯ АМ.ДОЛЛАРААР ҮНЭЛЖ БАЙНА

“Аль-Кайда” бүлэглэлийн шинэ удирдагч нь Айман АльЗавахири болсон тухай Арабын орнуудын сайтууд мэ­дээлэв. Осама Бин Ладе­ны дараа орохуйц эрх мэдэлтэй байсан энэ хүн эмч мэргэжилтэй,  Египет гаралтай. Заналхийлэл бү­хий хэд, хэдэн видео бич­лэгийн гол дүр болж байсан гэдгээрээ дэлхий дахинд алдартай. Осама Бин Ладен өнгөрсөн сарын 2-нд амь үрэгдсэний дараа “Аль-Кайда” бүлэглэлийнхэн ши­нэ удирдагчаа тодруулсан хэрнээ хаана байгааг нь олох гэж нэлээд цаг алдсан гэх мэдээлэл бий. Аль Завахири өмнөх удирдагчийнхаа нэ­гэн адил “АНУ-ын эрх мэ­дэлтнүүд Палестинд ямар нэгэн зүйл нууцаар байр­луулж байгаа” хэмээн сэжиглэдэг. Өдгөө 60 настай тэрбээр академийн боловсрол эзэмшсэн гэдгээрээ нэлээд анхаарал татаж байгаа хэмээн шинжээчид дүгнэжээ. Ямартай ч шинэ “толгой”-той болсон “Аль-Кайда” АНУ-д томоохон цохилт өгөхөөр бэлтгэж байна хэмээн Арабын телевизүүд хэдийнэ мэдээлж эхэлсэн байна.

АНУ-ын цэргийн хү­чин Осама Бин Ладеныг Пакис­таны Абботтабат дахь гэртээ байх үед нь устгасан хэмээн албан ёсоор мэдээлсэн. Харин энэхүү ажиллагаанд Пакистаны тал огт орол­цоогүй гэдгийг ал­баны хүмүүс нотолж байгаа. Гэвч энэ асуудал “Аль-Кайда” бүлэглэлийнхэн хагаралдах нэг шалтаг болсон бололтой. Лондон дахь “Quilliam” су­далгааны төвийн шинжээч, өмнө нь АльЗавахиритай хол­боотой ажиллаж байсан Номан Бенотмэн “Түүний хамгийн эхний үйлдэл нь “Аль-Кайда” бүлэглэл доторхи задралыг арилгахад чиглэх байх. Тэгж байж хүч нөлөөгөө олж авч чадна” гэжээ. Үүнтэй зэрэгцээд Мусульманы ша­шинт орнууд дахь нөлөөгөө нэмэхийг оролдох нь дамжиггүй юм. Исламын шашинт бүлэглэлүүд мусуль­манчуудын амь на­сыг олноор нь хөнөөх үед ч, Иракийн дайн эхэлсний дараа ч арабууд “Аль-Кайда”-д итгэх итгэлээ алдаагүй хэвээр байсан билээ. Тиймээс үүгээр дамжуулан нөлөөгөө нэмэгдүүлэхийг оролдох бололтой. Осама Бин Ладен амь үрэгдсэнээс хойш АльЗавахири 28 минут үргэлжлэх видео бичлэг хийж, интернэтэд тавьжээ. Энэ үеэр тэрбээр Ойрхи Дорнодод га­раад байгаа ардчиллын төлөөх хувьсгалт тэмцлийг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.

“Magnus Ranstorp”-ын шинжээч Рояал Шведиш “Аль-Кайда”-ийн нөхцөл байдлыг тогтвортой бол­госныхоо дараа өөрийгөө хүч, нө­лөө­тэй хүн гэдгийг батлахын тулд ба­рууны орнуудад халдлага үйлдэж ма­гадгүй” гэж дүгнэжээ. Харин АНУ-ын Тагнуулын төв газрын тэргүүн асан Майкл Хайден “Аль-Кайда” бүлэглэл эхний ээлжинд холын АНУ гэхээс илүү ойрын буюу Ойрхи Дорнод дахь дайснаа дарахыг эрмэлзэх болно” хэмээн “Huffington Post” сонинд өгсөн ярилцлагадаа онцолсон байна. Ерөнхийдөө “Аль-Кайда” бүлэглэл Осама Бин Ладены үед ямар бодлого баримталж байсан, яг түүнийгээ үргэлжлүүлнэ гэх таамаг гарчээ. Гэхдээ Жоржтаун дахь Эдмонд Вэйлсийн нэрэмжит их сургуулийн профессор Брью Хоффмэн “Аль Завахири Бин Ладентай адил эрх мэдэлтэй байсан. Тиймээс цаашид ямар бодлого баримтлахаа өөрөө сонгох боломжтой” хэмээн дүгнэсэн байна. Гэхдээ АНУ-ын эсрэг хөдлөх нь мэдээж хэрэг юм. Хамгийн сүүлд “Аль-Кайда” бүлэглэлээс гаргасан мэдэгдэлд “Бүлэглэлийн шинэ удирд­лага Б.Обамад ялагдахгүй гэ­дэг утгаараа ялгаатай” гэжээ. Аль Завахири 1998 онд Кени, Танзан дахь Элчин сайдын яамны байрыг дэлбэлж, “Есдүгээр сарын 11”-ний халдлагыг зохион байгуулагчдын бүрэлдэхүүнд багтаж байв. Ихэр цамхаг нурсны дараа АНУ-ын Засгийн газар хариу болгож, агаарын цохилт өгөх үед түүний эхнэр, хүүхэд нь амиа алджээ. Тэрбээр дөнгөж 15 настайгаасаа эхлээд Египетийн Засгийн газрын үйл ажиллагааг эсэргүүцэж бослогод оролцож байсан аж.

Америкчууд түүний толгойг 25 сая ам.доллараар үнэлж байна. АНУ-ын Холбооны мөрдөх товчоо Аль Завахириг Палестин, Афганистаны хил орчимд байна гэх мэдээлэлтэй байгаа аж. Гэхдээ түүнийг баривчлах ямар нэгэн төлөвлөгөөг одоохондоо гаргаагүй хэмээн албаны хүмүүс шүүмжилжээ. Өөрөөр хэлбэл, юун түрүүнд Аль Завахириг хэр хүч, нөлөөтэй вэ гэдгийг олох нь зүйтэй юм. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Роберт Гэйтс “Аль-Кайда”-ийн шинэ удирдагч Осама Бин Ладен шиг зохион байгуулалттай биш. Гэхдээ түүний тухай олигтой судалж, шинжлээгүй нь нэлээд том саад болно” гэжээ. Гэхдээ тус улсын албаны төлөөлөгчдийн хувьд “Аль-Кайда”-ийн шинэ удирдагч санаа зовоох асуудал биш бололтой. “Аль Завахири байсан, байгаагүй бид афганистанчуудтай хэлэлцээр хийж чадна гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн Афганистан дахь АНУ-ын цэргийн хүчний төлөөлөгч Жон Түлэн мэдэгджээ.

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж