Хуурамч архинаас болгоомжлоорой

Хуучирсан мэдээ: 2016.01.26-нд нийтлэгдсэн

Хуурамч архинаас болгоомжлоорой

Ердөө хоёр долоо хоногийн дараа монголчууд шинэлнэ. Айл, өрхүүд цагаан сарын өмнө идээ, будаагаа бэлдэж, хэн хүнгүй бууз, баншаа чимхээд завгүй байна. Цагаан сарын бэлэг сэлт, зочдынхоо гарыг цайлгах зүйлээ бэлдэхээр өмнөд болоод хойд хөршийг зоригсдын тоо ч эрс нэмэгдсэн талаар хил, гаалийнхан мэдээлж буй. Монгол Улс болон ОХУ-ын иргэд 2015 оны нэгдүгээр сараас эхлэн харилцан визгүй зорчдог болсон. Үүнтэй зэрэгцээд хоёр талын хилээр нэвтрэх иргэдийн урсгал өнгөрсөн хугацаанд эрс нэмэгдсэн бол сар шинийн энэ өдрүүдэд бүр оочир дараалал үүссэн байна. Улмаар ОХУ руу гарч буй манай улсын иргэд буцаж орж ирэхдээ хуурамч архи, согтууруулах ундаа, баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн хууль бусаар оруулж ирэх явдал ихэссэн тухай мэдээлэл өмнө нь цацагдаж байсан.

Тэгвэл ОХУ-д  хуурамч архинд долоон иргэн хордож нас барсан, 35 хүн хордлогод орсон тухай оны өмнө мэдээлж байсан ч иргэд анхаарал, болгоомжгүйгээсээ болж хуурамч архийг авч хордсоор байгаа гэнэ.

Хуурамч архи голдуу манайтай хил залгаа хотууд болох Улаан-Үүд, Эрхүү хотоор тархсан гэх мэдээллийг ОХУ-ын хууль, хяналтын байгууллагууд сэрэмжлүүлсээр байна.

Тиймээс сар шинийн баяр болж буйтай холбоотойгоор гар дээрээс болон дэлгүүр, сүпермаркетуудаас Орос архи, виски, коньяк авахдаа баталгаатай эсэхийг сайтар шалгаж, баталгаагүй бол худалдан авалт хийхээс татгалзахыг албаны хүмүүс анхааруулж байна.

Идээний дээж, өнгөтэй, өөдтэйгөө өргөн барьдаг монгол түмний уламжлалт баяраараа хуурамч архинаас болгоомжилж, уламжлалт ёсоо даган шинэлэхийг мэргэжлийн хүмүүс анхааруулж байгаагаас гадна баярын өдрүүдэд согтуугаар хээр, гадаа унтаж, амь, нас, эрүүл мэндээ хохироохгүй байхыг Яаралтай түргэн тусламжийнхан сэрэмжлүүлж байна.

Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж