Хамтарсан Засгийн газрын “гал”-ыг маналцаж яваа намууд тактикаа өөрчлөв. Ардын намынхан Н.Энхбаяртай, бас МАХН хэмээх нэрийн доор нэгдэж явахдаа 50:26 буюу пропорциональ давамгайлсан сонгуулийн тогтолцоог санал болгож байв. Гэвч экс Ерөнхийлөгч тус намаас салан тусгаарлаж, МАХН гэдэг товчлолыг гуравдагч хүчний өнгөөр “будаж” эхлэхийн цагт тэд Удирдах зөвлөлийнхөө шийдвэрийг эргэн харахаас өөр аргагүйд хүрсэн юм. Тиймээс 24:52 буюу мажоритари давамгайлсан тогтолцоог эцсийн хувилбараар сонгоод байна.
Ардчилсан намынхан ч “перестройка” хийлээ. Тэд “УИХ-ын ээлжит сонгуулиудыг пропорциональ тогтолцоогоор явуулдаг болъё” хэмээн удтал гүрийсний эцэст төлөвлөгөөгөө өөрчлөхөөс өөр гарцгүй болов. Хамгийн сонирхолтой нь Ардчилсан намынхан Ардын намынхны cancel-дсан 50:26 хэмээх хувилбар дээр байр сууриа нэгтгэлээ. Гэвч яагаад… Товчхондоо, тэд парламент дахь суудлаасаа цөөнгүйг алдаж мэдэх байсан юм. Учир нь тус намынхан УИХ-ын 2004, 2008 оны сонгуульд хүчтэй сөрөг хүчний имижээр өрсөлдөж, улс төр дэх хүчний харьцааг тодорхойлж байв. Харамсалтай нь намынхаа нэр хүндээр дэнчин тавьж, хамтарсан Засгийн газрын “хаалга”-аар мөлхөн орсон нь тус намын рейтингийг унагачихаад байна. Тиймээс тэдэнд пропорциональ буюу намуудын нэрсийн жагсаалтын дагуу өрсөлдөж, эрсдэлтэй тоглоомоор тоглох шаардлага үгүй болсон. Ардын намын “Халаасны өрөө”-өөс гарч ирсэн тус намынханд ард түмэн итгэл хүлээлгэх нь эргэлзээтэй учраас тэр. Харин одоо 50:26 буюу пропорциональ давамгайлсан хувилбарыг санал болгож, азаа үзэх л үлдэв. Хэдийгээр Ардчилсан намынхан Ардын намынхантай хамтран засгийн эрхийг барилцаж буй ч ирэх сонгуулийн өмнөхөн хүссэн ч, эс хүссэн ч ийнхүү “покер”-ын ширээний ард сууцгаалаа.
Улстөрчид сүүлийн 20 жилийн туршид “салхи оруулаагүй” сонгуулийн тогтолцоог өөрчлөх гэж байна. Чухам ийм учраас нэг, нэгнийхээ өмнө 50:26, 38:38, 24:52 хэмээх улс төрийн хонжворт сугалааг дэлгэх нь тэр. Парламентад суудалтай жижиг намуудын хувьд 50:26-г сонгожээ. Ардын намынхны дэвшүүлсэн 24:52 тэдэнд халгаатай, 38:38 бол бүр ч их эрсдэлтэй.
Ардчилсан намынхантай байр сууриа нэгтгэн алтан дунджийг баримтлах нь оновчтой учраас Иргэний зориг намынхан 50:26 хэмээх хувилбар дээр товчлуураа дарахаар шийдсэн аж. Гэвч мөнөөх долоон хувийн босгыг яаж давах болж байна вэ. Дэлхийн олон орон жижиг намуудынхаа өмнө 3.5 хувийн босго тогтоодог бол оросууд саяхан таван хувь болгон өөрчилсөн. Харин Монголын эрх баригчид УИХ-д суудалтай, суудалгүй жижиг намуудад дээрх хувийг тогтоож дипломат арга хэрэглэсэн ч бодит байдал дээр бүр ч хачирхалтай дүр зургийг илтгэж байна. “Улс төрийн тавцнаа “сэндвич” болсон намуудад 24 суудал л илүүчилье” гэж. Ардын намынхны санал болгож буй хувилбараар бол иймэрхүү хоч зүүсэн хүчнүүд 24 буюу пропорциональ хувилбарын дагуу нэрсийн жагсаалтаар өрсөлдөн парламентад 24 суудалтай болж ч болно, бас үгүй ч байж болох. Мажоритари тогтолцооны тухайд, энэ бол вип ангилал. УИХ Үндсэн хуулийн Цэцээс гаргасан “Н.Энхбаяр нар МАХН хэмээх нэрийг дахин хэрэглэх боломжгүй” хэмээх шийдвэрийн эсрэг зогсч, экс Ерөнхийлөгч тус намын тугийг мандуулж чадвал түүнд энэ ангилалд өрсөлдөх боломж бий. Үүнээс гадна Үндэсний шинэ намаас М.Энхсайхан, Иргэний зориг намаас С.Оюун, Ногоон намаас Д.Энхбат тэргүүтэй олонд танигдсан кандидатуудад мажоритари хувилбараар нэр дэвшин ялалт байгуулах боломж байж болох л юм. Онцлог нь УИХ-ын гишүүн С.Оюун, Д.Энхбат нарт Улсын дээд шүүх Иргэний зориг-Ногоон нам байгуулах “виз” олгосонгүй. Эрхэм гишүүд сонгуулийн тогтолцоог өөрчлөх эцсийн мөчөө хүлээж буй энэ агшинд тэд ямар шийд гаргах нь сонирхол татна.
УИХ-ын хаврын ээлжит чуулганыг ирэх сарын 1-нд завсарлуулахаар төлөвлөсөн. Харин Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг энэ долоо хоногт амжиж хийхээр товлосон билээ. Гэвч Ардын нам болон Ардчилсан намынхан “покер”-ын ширээний ард муудалцаж, цаг алдвал яах вэ. Улстөрчид иймэрхүү нөхцөл байдал нүүрлэхийг эс үгүйсгэж “Хуулийн төслийг энэ долоо хоногт амжиж батлахгүй бол чуулганыг завсарлуулахаа хоёр долоо хоногоор хойшлуулж магадгүй” хэмээн таамаглаж байна.
Ирэх сонгуулийн Х:У төлөвлөгөөг улстөрчид нааш, цааш чулуудацгааж байгаа ч эцэслэн батлах нь нэгэнт тодорхой боллоо. Тэр тусмаа УИХ-д олонхи болсон Ардын намынхны хувилбарыг батлах нь бүр ч ойлгомжтой. Тиймээс намууд пропорциональ тогтолцооны дагуу нэр хүнд, эрэмбээрээ өрсөлдөж, лидерүүд нь мажоритари хувилбар ёсоор ана мана үзэлцэх нь гарцаагүй. 24:52… Эрх баригч хүчний Удирдах зөвлөл өнгөрсөн намар 50:26 буюу пропорциональ давамгайлсан хувилбараа зүтгүүлэхийг УИХ дахь Ардын намын бүлэгт даалгаж байсан бол үүнийгээ огцом өөрчилсөн. Товчхондоо, пропорциональ биш, 26 буюу мажоритари хувилбараар явуулах тойргийнхоо тоог хоёр дахин нэмж, 52 болгон өсгөв. Энэ нь хүчтэй, бас мөнгөтэй лидерүүддээ хаалгыг нь томоос том нээн өгч байна гэсэн үг. Харин залуучууд хаачих вэ…
Ардын нам болон Ардчилсан намын залуус лидерүүддээ эсэргүүцэл зарлаж байна. “Эрин үе тань эцэс болсон. Тиймээс та зайгаа тавьж өг” хэмээн хүний, өөрийн намынханд “захидал” илгээх болов. “Ардын намынхан мажоритари хувилбараар лидерүүдээ жагсааж, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл… Жагсаалт энэ мэтээр үргэлжлэхдээ тулбал яах вэ. Алив, залууст зай байна уу”. Ардын намын залуус ийн амбицалж байгаа бол Ардчилсан намынхан ч ялгаа байхгүй. “Р.Гончигдорж, С.Ламбаа… Лидерүүдийн жагсаалтыг ингэж бичвэл миний нэр адаг сүүлд нь бичигдэх нь ээ”. Тэдний дунд иймэрхүү бухимдал хэдийнэ үүсчээ. “Лидерүүдийн сүр хүч дор залуусын ирээдүй бүрхэг болж байна” хэмээн намынхаа удирдлагуудад гомдоллож байна. Улстөрчид “покер”-ын ширээн дээр сонгуулийн тогтолцоо, улс төрийн карьераараа өрөг тавьж байх зуураа нэг зүйлийг таг мартсан бололтой. Тийм ээ, Үндсэн хуулийг өөрчлөх тань яасан бэ, эрхэм гишүүд ээ.
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин