Т.Мөнхзул дэлхийн шатрын холбооны мастер боллоо

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Т.Мөнхзул дэлхийн шатрын холбооны мастер боллоо

Саяхан Польшийн Краков хотод болсон сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан есөн настай Т.Мөнхзул охины амжилтын буухиа үргэлжилсээр байна. Тэрээр өчигдөр Индонезид болж өндөрлөсөн Зүүн Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлжээ. Зөвхөн түрүүлээд ч зогссонгүй. Есхөн настайдаа дэлхийн шатрын холбооны мастер цолны болзол хангаж, бахдам амжилт үзүүллээ. Охидын 10 насны ангилалд оюун ухаанаа уралдуулсан тэрээр эхний өрөгтөө Сингапурын шатарчинд хожигджээ. Гэвч сүүлийн бүх тавилдаа амжилттай тоглосноор Зүүн Өмнөд Азийн аварга болов. Мөн рапид тоглолтод хүрэл медалийн хүртсэн байна. Ингэснээр нэг сумаар хоёр биш бүр гурван туулай буудлаа. Монгол хүний оюун ухаан, Монголын шатарчдын шинэ үеийн төлөөлөл болсон Т.Мөнхзул охин энэ сарын 22-нд эх орондоо ирэх юм. Өнгөрсөн жил 10 настай охин өсвөрийн дэлхийн аварга түрүүлж спортод дуртай монголчуудын магнайг тэнийлгэж байсан. Тэгвэл энэ удаа есөн настай охин дэлхийн шатрын холбооны мастер болж шатарчдадаа маш том барилаа. Зүүн Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 10 орны 200 гаруй шатарчин эрэгтэй, эмэгтэй тус бүр таван насны ангилалд оюун ухаанаа уралдуулсан байна. Харин түүний өрсөлдсөн охидын 10 насны ангилалд 27 шатарчин оролцжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж