Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо “MNBA CARE-БИД НЭГ ГЭР БҮЛ” төслийн дагуу сайн үйлсийн аяныг шат дараатайгаар зохион байгуулж байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд сагсан бөмбөгийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад тамирчин, хүндэт зүтгэлтний гэр бүлийнх нь хүнд байшин барьж өгөх байсан бөгөөд төсөл амжилттай хэрэгжлээ.
Тодруулбал, Монгол улсад сагсан бөмбөгийн спортыг анхлан хөгжүүлэх, үндэс суурийг тавихаас эхлүүлэн үнэтэй хувь нэмрийг оруулсан, сагсан бөмбөгийн нэрт зүтгэлтэн Л.Аюурзаны агсны гэргий Гавьяат тамирчин Ц.Лхамжавт байшин барьж өгөх төсөл байсан юм. Төслийн хүрээнд МҮСБХ-ноос Багануур дүүрэгт амьдрах Ц.Лхамжавт 8*6 м хэмжээ бүхий байшингийн түлхүүрийг гардуулан өглөө. Энэхүү төслийн хүрээнд Л.Аюурзаны нэрэмжит тэмцээнийг тус дүүрэгт хоёр удаа зохион байгуулж, шагналт байранд орсон багууд мөнгөн шагналаа хандивласан юм. Мөн Монголын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн З.Галя, МҮСБХ-ны мөнгөн хандив зэргээс нийт 13.5 сая төгрөг хуримтлагдсан.
Энэхүү төслийн ажлыг гардан хийсэн МҮСБХ-ны хамт олон болон ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга, Монголын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн холбоо, Удирдах зөвлөлийн гишүүн З.Галя, Багануур дүүргийн БТСХ-ны дасгалжуулагч Б.Үүрдсайхан, Э.Халиун, Т.Сугар тэргүүтэй үе, үеийн шавь нарт, сайн үйлсийн аянд нэгдсэн сагсан бөмбөгчид, дэмжин ажилласан хүн бүрт талархаж байгаагаа Ц.Лхамжав гуай бидэнд дуулгаж байсан.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Ч.БОЛОР