Төрийн албаны маргаан өсчээ

Хуучирсан мэдээ: 2016.01.25-нд нийтлэгдсэн

Төрийн албаны маргаан өсчээ

Өнгөрсөн 2015 онд төрийн албаны халаа сэлгээ, цомхотголтой холбоотойгоор шүүхэд ирэх энэ талын маргаан нэмэгджээ. Тухайлбал, 2015 онд төрийн албаны маргаан өмнөх жилээс 34.7 хувиар буюу хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2015 онд нийт 2775 хэрэг, нэхэмжлэл хүлээн авчээ. Гэхдээ эдгээрийн 641 нэхэмжлэлийг нь хүлээн авахаас татгалзаж, үлдсэн 1439 хэргийг шийдвэрлэсэн байна. Шүүхэд ирсэн захиргааны маргааны 26.8 хувийг төрийн албаны асуудал эзэлжээ. Харин эдгээр маргааны дийлэнх хувь нь тухайн маргаан үүсгэж буй иргэний талд шийдэгддэг гэж байна. Үүний араас газар болон татварын маргаан, үл хөдлөх хөрөнгө, тендэр, нийгмийн даатгалтай холбоотой маргаан захиргааны хэргийн шүүхэд ихэвчлэн иржээ.

Мансууруулах бодистой холбоотой хэрэг өсчээ

Тэгвэл 2015 онд Монгол Улсын шүүх 11 603 хүнд холбогдох 7998 эрүүгийн хэргийг хүлээн авсан байна. Өнгөрсөн оны хувьд “Өршөөлийн тухай хууль”-ийг хэрэгжүүлсэн. Тэгвэл “Өршөөлийн тухай хууль”-ийг хэрэгжүүлсэн ч зарим эрүүгийн хэргийн үзүүлэлт өсөлттэй гарсан дүн мэдээ байна. Ялангуяа мансууруулах бодистой холбоотой эрүүгийн хэрэг хамгийн өндөр буюу 27 хувиар өссөн таагүй үзүүлэлт гарчээ. Тухайлбал, мансууруулах бодистой холбоотойгоор 2014 онд 33 хэрэг, 2015 онд 42 хэрэг бүртгэгдэж 27 хувиар өссөн байна. Харин ял шийтгүүлэгчдийн тоо 2014 онд 54, харин 2015 онд 76-д хүрч нэмэгджээ. Ийнхүү мансууруулах бодистой холбоотой хэрэг өсч буй нь энэ чиглэлд төрийн бодлогыг чиглүүлэх шаардлага тулгарсныг харуулж буй хэрэг аж.

2015 оны байдлаар гэмт хэргийн улмаас улсад 60 тэрбум орчим төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирчээ. Харин гэмт хэргийн улмаас 500 гаруй хүний амь хохирч, 3000 гаруй хүн хүнд, хөнгөн гэмтэл авсан байна.

Өнгөрсөн оны хувьд 14-15 насныхан ял шийтгэл эдлэх нь буурсан үзүүлэлт гарчээ. Тухайлбал, 2014 онд 14-15 насны 134 иргэн ял шийтгүүлсэн бол 2015 онд 110 болсон байна. Ял шийтгүүлэгчдийн дийлэнх нь 18-29 насны иргэн байгаа юм.

Зээлийн маргаан өсчээ

Тэгвэл 2015 онд иргэний хэргийн шугамаар 56 мянга гаруй нэхэмжлэл гомдол шүүх байгууллагад иржээ. Эдгээрийн 40 мянга гаруйг нь шийдвэрлэсэн байна. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямралтай холбоотойгоор иргэдийн дунд зээлийн гэрээтэй холбоотой маргаан нэмэгдэх хандлагатай болжээ. Нийт маргааны дийлэнх хувийг зээлийн гэрээ, банкны зээлийн үйл ажиллагаатай холбоотой нэхэмжлэл эзлэх болсон байна. Тухайлбал, зээлийн гэрээний маргаан хоёр дахин өссөн бол банкны зээлтэй холбоотой маргаан 60 орчим хувиар өсчээ.

Б.ЗОЛЗАЯА

ЗУРАГЛААЧ: Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж