Монголд тавтай морил, Унгарын ардчилагч

Хуучирсан мэдээ: 2016.01.25-нд нийтлэгдсэн

Монголд тавтай морил, Унгарын ардчилагч

Унгар улсын Ерөнхий сайд Орбан Викторын Монгол улсад хийж буй айлчлалд зориулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан дараах нийтлэлийг бичиж бидэнд ирүүлжээ.

1980-аад оны сүүлч, 90-ээд оны эхэнд коммунизмын эсрэг хөдөлгөөн зүүн Европт хүчээ авч, улмаар Азийн Монгол хүртэл хүрээгээ тэлсэн. Өнөөдөр ч гэсэн эдгээр хөдөлгөөнүүдийн улс төрийн нөлөө дэлхий даяар хүчтэй хэвээр байгаа. Яг өнөөдөр Унгарын ардчилсан хөдөлгөөний удирдагч, ФИДЭС-Иргэний намын дарга, Европын холбоо төдийгүй дэлхийн улс төрийн тавцанд өөрийн өвөрмөц бодлогоороо нэрд гарсан Ноён Орбан Виктор Монгол Улсад айлчилж байна.

Иймд миний бие энэхүү бэсрэг нийтлэлээрээ Унгарын нэрт улс төрч Орбан Викторын улс төрийн үзэл санаа, өвөрмөц бодлого, байр суурийн талаар уншигч таньтай санал солилцохыг хүссэн юм.

Европын холбооны улс төрчдийн дунд тус холбооны ирээдүйн талаар том маргаан, мэтгэлцээн цаг үргэлж явагддаг. Зүүний хүчнийхэн Европын нэгдсэн улсыг байгуулах нь Европын холбооны гол зорилго гэж үздэг бол барууны хүчний намууд ихэнхдээ Европын холбоо нь Европын холбооны үндэстэн-улсуудын холбоо байж тэдний эрх ашиг, уламжлалт соёл, онцлогийг хамгаалан хүндэтгэх ёстой хэмээн үздэг билээ. Орбан Викторын ФИДЭС-Иргэний нам нь Европын хамгийн хүчирхэг баруун төвийн намуудын нэг юм. Энэ ч утгаараа улс үндэстний эрх ашиг, консерватив буюу жам ёсны суурь үзэл дээр тулгуурласан бодлого хэрэгжүүлдэг ба бидэнд хүчтэй Европ хэрэгтэй, хүчтэй Европ нь хүчирхэг үндэстнүүдийн холбоо байх учиртай гэж үздэг. ФИДЭС нам зургаахан жилийн өмнө сонгуульд ялж өр ширэндээ баригдсан /Грекийн араас дампуурна гэгдэж байсан/ Унгар улсыг хүлээн авч үндэсний эдийн засгаа аврах цогц бодлогуудыг дэс дараалалтай хэрэгжүүлж эхэлсэн байдаг.

2010 онд засгийн эрхийг авсан даруйдаа Олон улсын валютын санг /IMF/ нутгаасаа хөөж, хувьчлал нэрийн дор барууныхны хяналтанд орсон дулаан, цахилгааны эх үүсвэрүүдээ буцаан авч, цахилгаан дулааны үнийг эрс бууруулж, үндэсний банк, санхүүгийн байгууллагынбие даасан байдлыг хангаж, валютын зээл, ханшны зөрүүнээс болж өрөнд орсон мянга, мянган аж ахуйн нэгж, иргэдээ дампуурлаас аварч, олон жил татвараас зугтаж ирсэн транс-националь компаниудын татварыг эрс нэмэгдүүлж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар ажилгүйдлийг бууруулж, эх орноо өр ширнээс нь богино хугацаанд салгаж чадсан юм.

Орбан Викторын үндэсний эрх ашгаа хамгаалах хатуу байр суурь барууныхны болон гадаадынхны дургүйг байнга хүргэдэг ч түүний нам сүүлийн жилүүдэд бүх шатны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсаар байна. Түүний нам эрх барьсан он жилүүдэд Унгар улс ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, үндэсний банкны бие даасан байдлыг хангаж, инфляцыг хязгаарлаж, бодлогын хүүг тэглэж, зээлийн хүүг хоёр хүртэл хувь багасгаж, эдийн засгийн өсөлтийн индексээрээ Евро бүсдээ тэргүүлэх хэмжээнд хүрч чаджээ.

Тэрээр өөрийн илтгэлүүддээ “ … Неолиберализм төгсч байна, орчин үеийн дэлхий ертөнцөд улс төр, эдийн засаг, нийгмийн цоо шинэ загвар хэрэгтэй байна. Орос, Хятад, Турк, Сингапурын тогтолцооноос бидэнд суралцах зүйл их бий. Брюсселизмын /Brussels/ тулгалт, хүнд суртал, гишүүн улсуудын эрхийг хэт хязгаарах оролдлого, Европын холбооны өрсөлдөх чадваргүй байдал зэрэг нь биднийг сулруулж байна” хэмээн байнга шүүмжилдэг.

Вишеградын холбооны /Visegrad 4/ хvчтэй тоглогч, Давид Камероны дотны анд тэрээр “Оросууд хуучин цагт биднийг танкаараа айлгадаг байсан бол одоо барууныхан биднийг банкаараа айлгаж байна. Тэдний хооронд том ялгаа байхгvй” хэмээн неолиберализм болон мөлжлөгийн системийн эсрэг ч үгээ шуудхан хэлдэг нэгэн. Харин сүүлийн жилүүдэд тэрээр Европын холбооноос ОХУ-д тавьсан хоригийг эрс эсэргүүцэж “Оросгүй Европ, Европгүй Орос гэж байхгүй. ОХУ-ын ерөнхийлөгч Путин бол хамтарч ажиллах бүрэн боломжтой хүн” хэмээн мэдэгдэхийн зэрэгцээ ОХУ-тай цөмийн энергийн салбарт хамтарч ажиллах, улс төр, эдийн засгийн харилцаагаа улам сайжруулахын төлөө идэвхийлэн ажиллаж байна.

Саяхан тэрээр “Исламын улс орнуудаас Европын холбоо руу ирж буй цагаачдын урсгалыг нэн тэргүүнд зогсоох ёстой. Хэрэв зогсоохгүй бол энэ нь Европын холбооны мянга, мянган жирийн иргэдийн амьдралыг эрсдэлд хүргэх болно. Хүний эрхээс илүү үндэсний эрх ашиг гэж байдгийг сануулж, хэрэв Европын холбоо зоримог арга хэмжээ авахгүй бол Унгар улс өөрийн хилээ хааж, иргэдээ хамгаалах болно” гэдгээ шулуухан мэдэгдэж, шийдвэртэй арга хэмжээ авч эхэлсэн. Түүний эрс шийдэмгий, зоримог алхамууд нь Европын холбоо болон барууны эсэргүүцэлтэй байнга тулгарсаар ирсэн ч тэрээр өөрийн байр суурь, үзэл бодлоо хамгаалж, авч үлдсээр ирсэн юм.

Мөн тэрээр дэлхий дахины эдийн засгийн төв Ази руу шилжиж, дэлхийн улс төрийн өрөг ч шинээр тавигдаж эхэллээ. Барууны ардчилал, либерализмыг экспортлох гэсэн оролдлого бүхэн бүтэлгүйтсэн гэдгийг мэдэгдээд, 2011 онд “Зүүн рүү чиглэх нээлттэй бодлогоо” зарласан. Дээрх бодлогын хүрээнд гадаад эдийн засгийн бодлогоо Ази руу чиглүүлэхээ амлаж, Азийн ихэнх улс орнуудад өөрийн элчин сайдын яам, худалдааны танхимаа байгуулж, Ази руу чиглэсэн гадаад худалдааг дэмжих зорилгоор тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна. Энэ ч утгаараа сүүлийн жилүүдэд манай хоёр улсын харилцаа эрчимтэй хөгжих суурь тавигдлаа.

Тэрээр “… Шинэ Унгар улс бол либерал улс биш, харин “хөдөлмөр шүтсэн” иллиберал улс байх болно. Либерализмаар явсан он жилүүдэд Унгар улс өрөнд баригдсан, нийтийн өмч хулгайд алдагдсан, хамгаалалтгүй болсон, нийгмийн үндсэн нэгж болох гэр бүлийн үнэт зүйлс суларсан. Товчоор хэлбэл Либерализм үндэсний эрхийг сулруулж, үндэсний баялгийг цөлмөж, жижиг улс – үндэстнийг өрийн дөнгөнд оруулдаг. … Бид либерал эдийн засгийн зарчмуудаас аль болох хурдан салах ёстой. Либерализм эцсийн амьсгаагаа хурааж байна” гэжхэлсэн байдаг. Эцэст нь энэхүү нийтлэлээрээ ямар нэг улс төрийн үзэл баримтлалын талаар үнэн зөвийг шүүх санаа огтхон ч агуулаагүй бөгөөд зөвхөн өөрийн улс төрийн өвөрмөц бодлогоороо дэлхий дахинд танигдсан нэгэн эрхмийн улс төрийн үзэл бодол, байр суурийн талаар уншигч та бүхэнд товч танилцуулахыг зорилго болгосон нь энэ бөлгөө.

Ноён Орбан Виктор Монголд тавтай морил.

УИХ-ын гишүүн, Монгол-Унгарын парламентийн бүлгийн дарга Ж.Батзандан

2016.01.25

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж