Д.Тэрбаатар: Бид энэ тоглолтод маш их хөрөнгө хаяж байгаа

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Д.Тэрбаатар: Бид энэ тоглолтод маш их хөрөнгө хаяж байгаа

Д.Тэрбаатар: Бид энэ тоглолтод маш их хөрөнгө хаяж байгаа

Аравхан хоногийн дараа Монголын хөлбөмбөгийн шигшээ баг энэ оны хамгийн
хариуцлагатай тоглолтоо хийх гэж байна. 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий
Азийн бүсийн урьдчилсан шатны эхний тоглолтоо манайхан Мьянмарын эсрэг
хийх юм. Монголын шигшээ багийнхан Эрхүүд хамтарсан бэлтгэл хийж, дөрвөн
ч нөхөрсөг тоглолт хийсэн. Энэ талаар Монголын хөлбөмбөгийн холбооны
ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатараас тодрууллаа.

-Эрхүүд хийсэн хамтарсан бэлтгэлийн хугацаа дуусч байна. Манайхан хэд
хэдэн нөхөрсөг тоглолт хийлээ. Энэ талаар мэдээлэл өгөх үү?



-Манай багийнхан бэлтгэлээ амжилттай хийсэн гэж бодож байна. Дөрвөн удаа
нөхөрсөг тоглолт хийсэн. Хамгийн сүүлийн тоглолтоо өчигдөр орой хийсэн
байгаа. Гэхдээ энэ тоглолтын мэдээлэл хараахан ирээгүй байна. Эхний
тоглолтод манайхан Эрхүүгийн шилдэг багт 8:1-ээр хожигдсон. Энэ нь
манайханд том сургамж болсон. Хоёр дахь тоглолтод 2:1-ээр хожигдол
амссан. Харин гурав дахь тоглолтод 1:1-ээр тэнцсэн. Энэ бол манай
багийнханд маш том ач холбогдол өгсөн бэлтгэл байсан гэдгийг хэлэх гээд
байна. Нөхөрсөг тоглолтод хожих, хожигдох бол нэг их асуудал биш.
Хамгийн гол нь манайхан талбай дээрээ Мьянмарын шигшээг хожих хэрэгтэй.

-Шигшээ багийн бүрэлдэхүүнд багийн ахлагч Д.Лүмбэнгарав багтсангүй. Яагаад?

-“Нийслэл” лигийн үеэр Д.Лүмбэнгарав хөлөө хугалж нэлээд хүнд бэртэл
авсан. Тийм учраас энэ удаа шигшээд багтах боломжгүй болсон.

-Тэмцээний бэлтгэл ажил хэр явж байна вэ?

-Монголын хөлбөмбөгийн холбоо энэ тэмцээнийг нэлээд өндөр төвшинд зохион
байгуулахаар ажиллаж байна. Бэлтгэл ажил ч бас хэвийн. Тоглолт болоход
10 хоногийн л хугацаа үлдсэн. Ер нь энэ тэмцээнд холбооны зүгээс маш их
хөрөнгө хаяж байгаа.

-Мьянмар бол манайхаас чансаагаар илүү. Тоглолтыг нь судалсан уу?

-Шигшээ багийнхан ирэхээр энэ талын ажлыг хийх байх. Одоохондоо судалсан
зүйл байхгүй. Энэ удаа манай багийнханд Францын дасгалжуулах туслах
учраас тоглолт арай өөр болох байх. Мөн манай тамирчид өндөр ур
чадвартай тоглолт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж