Монголын хөлбөмбөгчдөөс ирээдүй харагдсан

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Монголын хөлбөмбөгчдөөс ирээдүй харагдсан

Ж.Двинно: Монголын хөлбөмбөгчдөөс ирээдүй харагдсан

Энэ жилийн наадам болтол хүүхэд, залуус хөлбөмбөгөөр амьсгалах нь. Зуны турш UEFA-гийн мэргэжилтнүүдээр хөлбөмбөг заалгаж, туршлага судлах боломж байна. Мөн үүнээс гадна Монгол Улсын шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажиллахаар Францын иргэн Жак Двинно манай улсад хүрэлцэн ирээд байгаа юм. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Манай улсад анх удаа ирж байгаа байх. Ямар сэтгэгдэл төрж байна вэ?

-Их сайхан байна. Монгол орон надад таалагдаж байна.

-Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажиллана гэж байгаа. Манай улсын багийн талаар өмнө нь ямар мэдээлэлтэй байв. Бичлэгээр ч юм уу ямар нэгэн байдлаар тоглолтыг нь харсан уу?

-Францаас танай улсыг чиглэн ирэхдээ Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн талаар бараг мэдээлэлгүй байсан. Харин энд ирсэн хойно бага зэргийн мэдээлэлтэй боллоо.

-Таныг манай хөлбөмбөгийн клубуудын үйл ажиллагаатай танилцсан гэж сонслоо. Мэргэжлийн хүнийн хувьд ямар үнэлэлт өгмөөр байна вэ?

-Тийм ээ. Хөлбөмбөгийн клубуудтай танилцсан. Гэхдээ шигшээ багийн тамирчидтай уулзаж чадаагүй л байна. Тэд маргааш /өнөөдөр/ эх орондоо ирэх юм гэсэн. Тэгэхээр нь уулзаж ярилцана даа. Нэг тоглолт хараад л шууд үнэлэлт өгнө гэдэг утгагүй зүйл. Би нэг л зүйлийг хэлье. Монголын хөлбөмбөгчдөөс тэр тусмаа өсвөрийн тамирчдаас гэрэлтэй ирээдүй харагдсаныг хэлмээр байна. Монголын тамирчдын бөмбөг эзэмших ур чадвар, техник тал дээр ажилламаар юм шиг санагдсан.

-Монголын тамирчдыг дасгалжуулах ажлаа юунаас эхлье гэж бодож байна вэ. Танд төлөвлөсөн төлөвлөгөө бий юү?

-Би шигшээ багийнхантай уулзаж ч амжаагүй байна. Юун түрүүнд уулзаж ярилцахыг хүсч байна. Дараа нь тэдэнд юу хэрэгтэйг мэдэж чадна. Надад шигшээ багийн дасгалжуулагч Эрдэнэбат, менежер Энхбаяр нар туслана байх.

-Монголд ажиллах хугацаа тань их богинохон юм байна. Ийм хугацаанд ямар нэгэн үр дүн гарна гэж үү?

-Хугацаа энд ямар ч хамаагүй. Хамгийн гол нь бидний харилцан ойлголцол байгаа юм. Тамирчид, дасгалжуулагч хоорондоо ойлголцож чадвал үр дүн нь гарч л таараа. Аливаа зүйлийг хугацаацатай холбож, хамааруулах нь өрөөсгөл ойлголт. Тийм учраас хугацаа богино ч үр дүн ихтэй байх болно. Өөрөөр хэлбэл, чанартай байна гэсэн үг.

Монгол-Мьянмарын тоглолтыг хэрхэн төсөөлж байна вэ. Үүнээс юу хүсч байна вэ?

-Одоохондоо юу ч төсөөлөөгүй байна. Монголын баг талбай дээрээ эхний тоглолтыг хийж байгаа учраас давуу байдлаа ашиглаасай гэж хүсч байна. Тэгж чадвал ялалт монголчуудын гарт байх болно. Ер нь эхний тоглолтод ялалт байгуулсан баг дараа нь илүү тоглодог жамтай. Тийм болохоор хожихын төлөө л хичээх хэрэгтэй дээ. Тэгээд өрсөлдөгчөө дутуу үнэлж болохгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж