-Огцруулна гэдэг шийдвэрийг цаасан дээр гаргах шиг амархан зүйл үгүй. УИХ-ын танхим дэх мэргэн түшмэдийн засаг огцруулах шийдвэр улс орны бүхий л шатанд явж байсан ажлыг хэсэг зуур царцаадаг. Хаана ч очсон шинэ дарга хүлээсэн хийх ажилгүй төрийн албаныхан байдаг дүр зураг хэдийнэ танил болжээ-
Б.Балжинням найруулагчийн 1985 онд дэлгэцнээ гаргасан “Би чамд хайртай” киноны гол дүрийн нэг Дэлгэр “Би чамд хайртай гэдэг үгийг зүгээр нэг хэлдэг гэж үү” гэж асуудаг. Сэтгэлдээ нууцхан хайрлаж явдаг охиных нь найзууддаа хамаатуулан хэлсэн үг Дэлгэрийн зүрхэнд очиж тусдаг. Хүн гэдэг амьтан үгээр харилцан ойлголцож амьдардаг. Хэлсэн үгэндээ эзэн бол, хэлсэн бол хий, дааганаас унаж үхдэггүй, даравгараас болж үхдэг гэх зэргээр үг, үйлдэл хоёртоо анхаарч явахыг сануулсан мэргэн үгс зөндөө байдаг нь монголчууд эртнээс хамарны доорх хагархайн хэрээр бурахыг цээрлэж ирсэнийг илтгэдэг. Харамсалтай нь өнөө цагт хэлсэн үгэндээ эзэн болдог хүн цөөрч, үг үйлдэл зөрөхийг ердийн зүйл мэт хүлээн авдаг болжээ. Зарим нэг үг мөн чанараа алдаж, сүрдүүлгийн хэрэгсэл болсон нь ч байна. Тухайлбал, огцруулах гэдэг үг. Сонирхолтой нь огцорно гэдэг үг харин огт хэрэглэгдэхгүй байгаа.
Өнгөрсөн долоо хоногт мөн л энэ огцруулах гэдэг үгний ээлжит тоглолт эхэллээ. Халуун зунаар Ерөнхий сайдыг огцруулах гарын үсгийг цуглуулж эхэлсэн УИХ-ын гишүүн Г.Уянга дүн өвлөөр хангалттай хэмжээний гарын үсэг цуглуулж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг албан тушаалаас нь огцруулах УИХ-ын тогтоолын төслийг спикер З.Энхболдод өргөн Мягмар гаригт өргөн барилаа. Монголын ашигт малтмалын үүц газрын нэг Оюутолгойн ордын ашиглалттай холбоотой бичиг баримтыг хаа байсан Дубай хотноо зурахдаа Монголын ард түмний эрх ашгийг наймаалцсан гэж үзсэн нь гарын үсэг зурсан гишүүдийн огцруулах үндэслэл болж байгаа юм. Аль хавар зурагдсан гэрээний хор уршигтай нь хагас жилийн дараа ухаж ойлгон Г.Уянга гишүүний санаачилгыг дэмжин гарын үсэг зурсан бусад 19 гишүүнийг онигоог хамгийн сүүлд ойлгон инээдэг баавгайтай ч адилтгамаар юм шиг. Үнэндээ ингэж хагас жилийн дараа “ойлгох” шаардлага гараад л зурсан гэдгээ бүгд л ойлгож байгаа. Огцруулна гэж сүрдүүлэх шаардлага гарсан гээд хэлчиж болохгүй учраас “ойлгоцгоосон” хэрэг.
Улс орны улс төр, эдийн засаг тун эмзэг үе дээрээ байна. Төсөв нь улайчихсан байхад хэрэгжүүлж ирсэн халамжийн мөнгөө үргэлжлүүлэн тараахгүй бол ирэх зургадугаар сард товлогдох учиртай сонгуульд сонгогчдоос олигтой санал авч чадахгүй. Аргаа бараад дахин бонд босгохоор бадар барьж байгаа наад хүмүүсийг чинь огцрууллаа гэсэн мессежийг цацлаа. Нөгөө талаас эрх баригч Ардчилсан нам барьцаа улам лавшруулж, хөдөөний тойргийн тоог цөөлж, нийслэлийн тойргийнтоог нэмэхээр хавсайдаж байгаа нь гол дэмжигчид нь хөдөө орон нутагт байдаг сөрөг хүчин МАН-ын эцсийн тэвчээрийг барав бололтой.
Ер нь бол алдаа гаргасан засаг төрийг сольж, огцруулах нь зөв. Гэвч засаг огцруулна гэдэг шийдвэрийг цаасан дээр гаргах шиг амархан зүйл үгүй. УИХ-ын танхим дэх мэргэн түшмэдийн засаг огцруулах шийдвэр улс орны бүхий л шатанд явж байсан ажлыг хэсэг зуур царцаадаг. Хаана ч очсон шинэ дарга хүлээсэн хийх ажилгүй төрийн албаныхан байдаг дүр зураг танил болжээ. Засаг огцруулах нь энэ жүжгийг найруулагчдад хэрэгтэй болохоос бизнес эрхлэгчдэд, гадаадын хөрөнгө оруулагчдад, жирийн хүмүүст огт хэрэггүй зүйл. Тэртэй тэргүй тавхан сарын дараа сонгууль болно гээд энэ жил шинэ ажил, төсөл төлөвлөөгүй байхад, сонгуулиас өмнө засаг солигдоно гэвэл улс орны амьдрал бүрмөсөн царцана гэсэн үг.
Мэдээж огцруулна гээд л огцруулчихдаг бол Монголын төр өдөр өнжихгүй солигдох биз. Энэ нь сүрдүүлэг, шантааж гэдгийг ч бас нөгөө тал нь ч бас мэдэж байгаа. Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага аван асуудал энэ долоо хоног руу шилжсэн. Одоо огцруулах гэдэг үгний арын улс төр явж байгаа. Тэгэхээр манай улс төрд огцруулах гэдэг үгийг зүгээр хэлдэггүй л байхгүй юу.