“Бостон Брунс” 39 жилийн дараа дахин “Стэнлийн цом” хүртэв

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

“Бостон Брунс” 39 жилийн дараа дахин “Стэнлийн цом” хүртэв

“Бостон Брунс” 39 жилийн дараа “Стэнлийн цом”-ыг эргүүлэн авлаа. Ванкувер хотын “Rogers Garden” ордонд болсон цувралын долоо дахь тоглолтод талбайн эзэн “Канукс”-ыг ялна гэж бооцоо тавьсан хүмүүс их байлаа. Учир нь долоо дахь тоглолтод талбайн эзэн баг ялдаг бичигдээгүй хууль “Стэнлийн цом”-д бий. Гэвч “Бостон” түүхийг шинээр бүтээж 4:0-ээр өрсөлдөгчөө буулган авснаар 1972 оны амжилтаа давтлаа. Шигшээ тоглолтын MVP-гээр “Бостон”-ы хаалгач “Танк” хочит Тим Томас тодорсон. Тэрээр сүүлийн цувралд 37 цохилтыг амжилттай хааж плэй-оффт хамгийн олон шайб хаасан хаалгач боллоо. Финалын цувралын турш Томасын хаалганд “Канукс” ердөө найман шайб л оруулж дөнгөсөн байна. NHL-д анхны улирлаа өнгөрөөж байгаа Брэд Марчанд долоо дахь тоглолтод хоёр шайб оруулж, нэг дамжуулалт өгчээ. Энэ улирал дуусгаад зодог тайлж буй алдарт Марк Рекки тоглолтыг нэг дамжуулалттай дуусгалаа. Тэрээр плэй-оффыг 14 оноотой дуусгаж карьерийнхаа гурав дахь Стэнлийн цомыг хүртэж байгаа нь энэ. Харин энэ тоглолтын дараа “Канукс”-ын хөгжөөн дэмжигчид эмх замбараагүй байдал үүсгэж, гудамжинд байсан машин зэргийг шатаасан байна. Ванкувер хотын цагдаа нар үймээн дэгдээсэн 100 орчим фанатыг баривчлан саатуулжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж