“Бостон Брунс” 39 жилийн дараа “Стэнлийн цом”-ыг эргүүлэн авлаа. Ванкувер хотын “Rogers Garden” ордонд болсон цувралын долоо дахь тоглолтод талбайн эзэн “Канукс”-ыг ялна гэж бооцоо тавьсан хүмүүс их байлаа. Учир нь долоо дахь тоглолтод талбайн эзэн баг ялдаг бичигдээгүй хууль “Стэнлийн цом”-д бий. Гэвч “Бостон” түүхийг шинээр бүтээж 4:0-ээр өрсөлдөгчөө буулган авснаар 1972 оны амжилтаа давтлаа. Шигшээ тоглолтын MVP-гээр “Бостон”-ы хаалгач “Танк” хочит Тим Томас тодорсон. Тэрээр сүүлийн цувралд 37 цохилтыг амжилттай хааж плэй-оффт хамгийн олон шайб хаасан хаалгач боллоо. Финалын цувралын турш Томасын хаалганд “Канукс” ердөө найман шайб л оруулж дөнгөсөн байна. NHL-д анхны улирлаа өнгөрөөж байгаа Брэд Марчанд долоо дахь тоглолтод хоёр шайб оруулж, нэг дамжуулалт өгчээ. Энэ улирал дуусгаад зодог тайлж буй алдарт Марк Рекки тоглолтыг нэг дамжуулалттай дуусгалаа. Тэрээр плэй-оффыг 14 оноотой дуусгаж карьерийнхаа гурав дахь Стэнлийн цомыг хүртэж байгаа нь энэ. Харин энэ тоглолтын дараа “Канукс”-ын хөгжөөн дэмжигчид эмх замбараагүй байдал үүсгэж, гудамжинд байсан машин зэргийг шатаасан байна. Ванкувер хотын цагдаа нар үймээн дэгдээсэн 100 орчим фанатыг баривчлан саатуулжээ.