Эрчүүдэд ч хамаатай жендэр

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Эрчүүдэд ч хамаатай жендэр

Ардчилалд хөл тавьснаас хойш монголчууд жендэр, тендэр гэдэг хоёр үгийг чихний чийр болтол сонссон. Гэхдээ нэгийг нь улс төрд орох гэсэн авгай нарын амбиц, нөгөөг нь танил талаараа дамжуулан овоо мөнгөтэй төсөл олж, завсраас нь зоос угаах арга гээд ташаа ойлгочихсон. Ялангуяа жендэр гэхээр эмэгтэйчүүдийн хэрэг гээд эрчүүд оролцох тун дургүй.

Сүүлийн жилүүдэд жендэрийн тэгш байдлыг нийгэмд хангах тухай их ярих боллоо. Хэдэн жилийн өмнөөс Жендэрийн тэгш байдлын үндэсний хороотой болж, түүнийг Монгол Улсын Ерөнхий сайд толгойлж байна. Мөнөөх гуйвсан утгаар нь ойлговол манай Засгийн газар, Ерөнхий сайд баахан амбицтай авгай цуглуулж Их Хуралд зүтгүүлэх нь ээ гэж “сэрдмээр”.

Жендэрийн тэгш байдал гэдгийг ингэж буруу ухаарснаас УИХ-ын эрэгтэй гишүүд ч суудлыг нь булаах хэдэн хүүхэн гарч ирэх нь гээд Сонгуулийн хуульдаа квот гэдэг зүйлийг оруулж өгөхөөс цааргалдаг болов. УИХ-ын 2008 оны сонгуулийн өмнө сонгуульд нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэй байна гэсэн зүйл Сонгуулийн хуулийн төсөлд “андуурч” оруулснаа төдөлгүй залруулж, хэрэглэж ч үзээгүй хуульдаа өөрчлөлт оруулан квотыг авч хаясан. Өнгөрсөн хоёрдугаар сард, цагаан сарын битүүний өдөр баталсан Жендэрийн тэгш эрхийн тухай хуульд квотыг тусгалгүй үлдээсэн. Одоо УИХ-аар хэлэлцэж буй  Сонгуулийн хуулийн төсөлд оруулж өгнө гэсэн “амлалтаар” уг хуульд квотыг тусгаагүй юм. Гэхдээ УИХ-ын хэлэлцүүлгээс түүнийг хэлэлцэх талын үг одоо болтол дуулдаагүй байна. Юутай ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд бүсгүйчүүд чуулж  эмэгтэй нэр дэвшигчдэд 30 хувийн квот тавьж өгөхийг хүслээ.

Гэхдээ баахан андуу ойлгогддог жендэрийн асуудлаар эрчүүд өөрсдөө тийм ч сайнгүй үзүүлэлттэй байдаг нь тоо баримтаас харагддаг.. Эхнэр нь өөд болсон, салж сарниснаас болоод ганц биеэрээ хэдэн хүүхдээ өсгөх гэж зүтгэж яваа аав олон бий. Бүүр муухан ээжээс илүү гарах аавууд зөндөө. Гэтэл ганц бие эцгийн нийгмийн даатгал, халамжийн эрхийг өнөөг хүртэл баталгаажуулсангүй. Эрчүүдийг мөнгө олох хэрэгсэл гэсэн ойлголт нийгэмд улам гүнзгийрсээр. Ажлын байраа алдах, мөнгөн орлого нь хомсдоход гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг нь эрчүүд. “ Гэр орноо тэжээж чадахгүй мануухай юу чи” гэсэн хонхыг эхнэр нь чихэнд уяад ирэхээр гудамж бараадан хатуу дарстай нөхөрлөж,тэндээсээ  “Өвгөнтийн хөндий”-н орон тоог нэмэх замдаа орсон эрчүүд цөөнгүй. Шороонд хөлбөрөөд унаад өгсөн согтуу эрчүүд захаас аваад замаар үргэлжилдэг. Чингисийн дайчдын үр удам ингэх гэж хэмээн халагламаар. Дундаж наслалт нь эмэгтэйчүүдээс даруй 10-аад жилээр доогуур, боловсролын төвшин тааруу, үүнээсээ болоод бүсгүйчүүддээ гологддог болсон гээд тоочвол жендэрийн тэгш байдал илүү алдагдсан нь харин эрчүүд ч болж хувирах шиг. Эрэгтэй хүүхдийш “Энэ эр юм. Ачигч хийж байгаад цэрэгт явж, тэгээд цаашаа аяа олоод амьдраад явах байлгүй” хэмээн хар багаас нь харааны гадуур орхисноос эрчүүдийн жендэрийн асуудал хүндхэн болоод буй нь нууц биш. Ингэхээр эрчүүд, эмэгтэйчүүдгүй л өөр өөрийнхөөрөө жендэрийн тэгш байдлын алдагдалд орж дээ.

1990-ээд оноос гаднаас орчуулгагүй орж ирсэн, эхнээсээ эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхийг хэлдэг юм шиг хазгай ойлголт төрүүлээд гажуудчихсанаас биш жендэрийн тэгш байдал гэдэг монголд аль эрт цагаас байсаар ирсэн зүйл. Монгол хийгээд дорнын ард түмэнд арга билгийн ухаан гэж бий. Үүнийг эдүгээчилж ойлговол жендэрийн тэгш байдал. Төрд арга тал дийлбэл бодлого хатуурч нийгмээсээ холдоод явчихдаг, билэг хэтэрвэл хэт зөөлөрдгийг Чингис хааны үеэс мэдэж тэнцүүлж иржээ. Чингис хааны төрийн хатад Их Хурилдайд сууж, үзэл бодлоо хэлж, хаан угсааг залгамжлах асуудлыг ч сэрээж сануулж байсан нь төрд хаан ухааныг хатан ухаанаар түшүүлж арга билгийг тэнцүүлж байсны илрэл гэлтэй. Бүр Сорхогтун Бэхи хатан 28 жил Их Хуралдайг тэргүүлж байсан гэдэг юм. Хожмоо Манжийн бодлогоор Төвдийн шарын шашныг Монголд нутагшуулахдаа гүн ухааны асар өндөр бясалгалын ухааныг нь гуйвуулж, эрчүүдийг нь төр, цэргийн хэргээс хөндийрүүлэн талаас илүүг нь лам болгосон. Хүн амыг нь цөөрүүлэх гэхдээ хуврагуудыг эхнэр авахгүй гэлэн болгож, эм хүн бузар булай хэмээн сурталдсаар Монголын төрийн хүчирхэг байсны үндэс болох хаан ухаанаас хатан ухааныг нь салгаж дөнгөсөн гэдэг. Төрд хатдын түшиг их байсны гэрч одоо төрийн долоон эрдэнийн нэг Хатан эрдэнэ төдийгөөр үлджээ. Төрийн эрх мэдэлтнүүдийг нь өнгө мөнгө, хээл хахуулиар урхидан сүйрүүлсний балаг өнөөдөр ч улбаагаа тавихгүй авлига, хүнд суртал амь бөхтэй зууралдсаар байна.

Арга, билгийн тэнцвэрийг парламентдаа хангаж чадсан орнуудад авлигын хэрэг эрс буурч, нийгмийн хамгаалал сайжирдаг аж. Харин арга тал нь давсан манай УИХ-д хээл хахуулийн хэрэг үе үе мандахаас гадна нийгмийн хамгааллаа тавьж туучихаад бэлэн мөнгөний халамж, амлалтаар түүнийгээ нөхөх төсвөө дундруулан гэж сандарч сууна. УИХ-даа 97 хувийн төлөөлөлтэй эрчүүдийн нийгмийн байдал тааруу байгааг дээр цухас дурдсан. Аргаа ядаад, ажлын байраар тэднээ хангаж чадахгүй болохоороо шулуунаар нь БНСУ руу баахан хар ажилчин гаргадаг. Нар, бороонд өчнөөн хоног дугаарлан байж сая БНСУ явах эрх олсон мөнөөх хэд нь боолын хөдөлмөр эрхэлсээр өвчний үүр болоод эргэж ирдэг. Энд дутсан ажиллах хүчээ Хятадын хөдөөд үйлээ барж суусан тариачдаар нөхдөг. Арга тал нь хэтэрсэн манай улс төрчдийн авч байгаа нийгмийн мэргэн арга хэмжээ энэ. Жинхэнэ нийгэм рүүгээ хандсан арга хэмжээ авах гэхээрээ хойргоос гадна шоолж доромжлох гэдэг нь учиргүй.

СаяханУИХ-аар эхчүүдэд Алдарт эхийн одон олгох болзлыг хөнгөрүүлж, тэтгэмж үзүүлэх тухай хуулийг баталж эхчүүдийг баярлууллаа.  Гэтэл түүнийг хэлэлцэж байхад УИХ-ын гишүүн ноёд яаж аяглаж байсан гээч. “Энэ хуулийн санал дүгнэлтийг би л лав уншихгүй, чи унш” гэж нааш цааш түлхэснээ “За за Оюухоролоор уншуулъя, ха ха, хэ хэ” гэлцэн их л хоржоонтой загнацгааж байсан. Ээж, эхнэрт нь хамаатай, бүр цаашлаад тэтгэмжийн мөнгөө хасуулсан хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдөх асуудалд ингэж ханддаг гишүүд харин тендэр, мөнгө, уул уурхайн орд ярихаар би уншия, би ажлын хэсэгт нь оръё гээд л уралддаг юм даа. Төрд хатан ухаан дутан билэг орхигдож арга чанар хэтийдэхээр ийм болдог байна.

Эндээс харахад жендэр гэдэг эмэгтэйчүүдийн оролцоог улс төрд нэмэхийн зэрэгцээ тун базаахгүй байгаа эрчүүдийн асуудалд ч хамаатайгаас хамаатай хэрэг болоод байна.
            

    Д.ОЮУНЦЭЦЭГ

NEWS.MN сайтын тоймч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж