Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр 30 гаруй оронд суралцах боломжтой байдаг. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас хэд хэдэн төрлийн тэтгэлгийг жил бүр зарладаг. Тухайлбал, сургалтын төрийн сангийн санхүүжилтээр, Засгийн газар хоорондын гэрээгээр, хоёр улсын хамтарсан санхүүжилтээр зэрэг хэд хэдэн төрлөөр сурах боломжтой байдаг аж. Мөн тухайн оюутан дэлхийн шилдэг 100 сургуулийн урилга авсан тохиолдолд 100 хувийн тэтгэлэг авах боломж бий.
Тэгвэл эдгээр тэтгэлгээр жил бүр 2000 гаруй оюутан гадаадын их, дээд сургуульд суралцдаг байна. Энэ жилийн хувьд ч оюутнуудыг гадаадын их, дээд сургуульд суралцуулахаар 20 орчим тэрбум төгрөгийг сургалтын төрийн сангийн төсөвт суулгажээ. Жил ирэх бүр тэтгэлэгтэйгээр суралцах иргэдийн тоо, мөн улсын тоо ч нэмэгдэх болжээ.
Монгол оюутнууд хамгийн ихээр хойд хөршид тэтгэлэгтэйгээр суралцдаг байна. Тухайлбал, ОХУ-д жилд 350-500 монгол оюутан тэтгэлгээр суралцдаг. Дараа нь урд хөршид ихээр суралцдаг. Мөн БНХАУ-ын Засгийн газар өнгөрсөн жилээс тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Таван жилийн хугацаанд 1000 монгол оюутныг эх орондоо суралцуулахаар гэрээ хийсэн байна. Энэ хүрээнд 2016 онд БНХАУ-д 200 хүнийг шалгаруулж, тэтгэлэгтэйгээр суралцуулна. Мөн Унгарын Засгийн газар өнгөрсөн жил 100 монгол оюутан элсүүлэхээр гэрээ байгуулжээ. Цаашлаад Куба улсад л гэхэд дээд тал нь таван иргэн, Унгар улсад 100 хүн, Польш улсад 20 хүн гэх мэт улс бүрийн квот өөр байдаг. Мөн энэ жилээс Франц Улсын Засгийн газар 10 монгол оюутныг суралцуулахаар гэрээ байгуулжээ.
Энэ жилийн хувьд Засгийн газрын тэтгэлэг, бусад тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл 2-4 дүгээр сарын хооронд болох юм байна. БШСУЯ-ны http://www.meds.gov.mn/ хаягаар орж, бүртгэлийн мэдээлэл авах боломжтой.
Б.ЗАЯА