Засгийг огцруулах асуудал улс төрийн хувьд шинэ дуулиан биш л дээ. Гэхдээ өнөөдрийн нөхцөлд Ч.Сайханбилэгийг хэн нэгнээр солих хийгээд өөрчлөх шаардлага бий юу?
Хятадын эдийн засгийн уналт дэлхийг хямрааж, гадаад зах зээл дэх таагүй уур амьсгалын нөлөөлөл Монголын эдийн засагт жинхэнээсээ мэдрэгдэж, хамгийн хэцүү хямрал яг одооноос эхэлж байгааг эдийн засагчид сануулж буй нөхцөлд Засгийн газрынхаа үйл ажиллагааг тогтвортой хангахаас өөр арга зам бидэнд алга байна.
Өнгөрсөн жилүүдийн хямрал бол манай дотоодын улс төрийн хямралаас үүдэлтэй байсан бол өнөөдрийн гадаад зах зээл дэх уналтууд Монголын эдийн засагт доргилт авчирч магадгүй байна. Энэ тохиолдолд монголчууд эвдрэлцэхээсээ илүү эв нэгдлээ сахих нь чухал.
Засгийн газрыг огцруулах тогтоолын төслийг харахад ганц Оюутолгойн асуудлаас болж Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаас нь авч хаяхаар Г.Уянга нарын хүмүүс өргөх бичиг барьсан бий. “Хүн байгаа цагт хэрэг олддог” гэгчээр Ерөнхий сайд хэн ч байлаа гэсэн тохох “хэрэг” ольё гэвэл олдох л байх.
Харин нөгөө талдаа Засгийн дэмжих шалтгааныг харахгүй өнгөрье гэвэл өнгөрөх л байх. Гэхдээ энэ засгийн тогтвортой ажиллуулах, Ч.Сайханбилэгийн танхимыг дэмжих таван шалтгаан байна.
Эдийн засгийн бүх үзүүлэлт нь уруугаа харчихсан, гадаад зах зээлээс сайн мэдээ сонсогдохоо больсон, хөршүүдэд уналт, хямрал нүүрлэж байгаа нөхцөлд дотоодын хямралыг үүсгэх нь Монголын эдийн засагт л эрсдэл авчирна. Түүнээс Ч.Сайханбилэгийг З.Энхболдоор эсвэл хэн нэгнээр солилоо гээд эдийн засаг шуудхан сайжрахгүй. Энэ бол Ч.Сайханбилэгийн гэхээсээ З.Энхболд даргын хэлснээр Ардчилсан намын засаг. Ч.Сайханбилэг өөрийнхөө биш Ардчилсан намын бодлогыг хэрэгжүүлж яваа.
Ч.Сайханбилэгийн засаг эдийн засгийг хямралыг тогтворжуулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих талаар гараа хумхиад суусан уу гэвэл үгүй. Эдийн засгийн өсөлтийг дэмжих хууль эрх зүйн томоохон шинэчлэлтийг эхлүүлсэн нь яалт ч үгүй Ч.Сайханбилэгийн засгийн хийсэн ажил. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлуулснаар одоогоор ес гаруй их наяд төгрөгийн ажил үйлчилгээ, хөрөнгө илрээд байгаа. Энэ хэрээр Монголын татварын бааз суурь энэ оны нэгдүгээр улирлаас нэмэгдээд явна гэж ойлгох хэрэгтэй. Сүүдрийн эдийн засагт байгаа ДНБ-ийн 45 хувьтай тэнцэх хөрөнгийг ил болгосон нь энэ засгийн нэг том амжилт.
Арван зургаан жил худалдааны татвар хэлбэрээр явсан НӨАТ-ын хуулийг шинэчлэн батлуулснаар Монголын эдийн засагт эргэлдэх төгрөг бүрийг тоолох боломжтой болж байгаа юм. Энэ хууль бол эдийн засаг, санхүүгийн салбарт томоохон реформ хийх эхлэл. Энэ хуулийг санаачлан батлуулсан нь Шийдлийн засгийн хийсэн бас нэг том ажил.
Огцруулах үндэслэл болсон Оюутолгойн төсөл. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг баталж, санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурснаараа Монгол Улс дэлхийн бизнест дахин ирснийг сануулсан үйл явдал болсон. Ганц энэ төслийг урагшлуулсан гавъяа нь Ч.Сайханбилэгийн засгийг авч үлдэх шалтгаан болох ёстой. Гурван мянган хүнийг ажлын байраар хангаж, жилдээ 1.2 тэрбум долларыг Монголын эдийн засагт оруулна гэсэн урьдчилсан тоон үзүүлэлтээс гадна Оюутолгойн бүтээн байгуулалтын ажил Монголын олон компани шууд болон шууд бусаар оролцоно.
Сонгууль болоход ердөө гуравхан сар үлдээд байхад нэг засгийг нөгөөгөөр сольсны үр дүн харагдахгүй. Үнэхээр Ч.Сайханбилэг алдаа гаргасан юм бол Ардчилсан намд ард түмэн хариуцлага тооцохдоо л тооцно шүү дээ. Өнгөрсөн дөрвөн жил засгийн эрхийг атгасан АН-д ямар дүн тавихыг ард түмэн шийднэ. Өөрөөр хэлбэл, өнөөдөр монголчууд засгаа унагааж, засгийн газраа бүрдүүлэх цаг үе нь ч биш, цаг хугацаа ч алга.
Засгийг дэмжих эхний таван шалтгаан энэ. Иймээс Ч.Сайханбилэгийг огцруулах бичигт гарын үсэг зурсан Ардын намын гишүүд бүлэг дээрээ энэ асуудлыг дахин ярилцахаа тав хоногийн завсарлага авсан. Зарим нэг нь эхнээсээ саналаасаа буцах, татах тухай яриа ч улс төрийн хүрээнээс сонсогдож байна.
Гол нь нэг засгийг нөгөөгөөр солилоо гээд хямралтай байгаа эдийн засаг дээр хямрал авчрах энэ тоглолт улс төрийн хувьд МАН ашигтай байж болох ч улс оронд бол ашиггүй юм шүү дээ.
Ж.ЭРХЭС