Хуучирсан мэдээ: 2016.01.22-нд нийтлэгдсэн

Ираны шинэчлэгч

 

Ираны одоогийн Ерөнхийлөгч Хассан Роуханигийн жинхэнэ нэр нь Хассан Ферейдон боловч, улс төрийн амьдралд идэвхтэй оролцож эхэлсэн цагаасаа эхлэн өөрийн овгийг Роухани болгон солиулжээ. Роухани гэдэг нь сүнслэг буюу санваартан гэсэн утгатай үг юм. Исламын Нэгдсэн Иран улсын Ерөнхийлөгч нарын түүхэнд хүний эрхийн үзэл баримтлалаараа хамгийн их ялгардаг түүний амьдралын замналын талаар та бүхэндээ хүргэж байна.

 

 

Хассан Роухани нь эцэг, эхээс тавуулаа бөгөөд гурван эгч, нэг ахтай тэрээр 1948 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Ираны шашинтай гэр бүлд төрч өсч хүмүүжжээ. Түүний эцэг, эх хоёр нь халуун ногоо зардаг мухлагийн эзэд байсан бөгөөд 2011 онд нас барсан түүний эцэг Хаж Асадолла Ферейдон нь 1962 оноос эхлэн тухайн үеийн Ираны Шах хэмээгдэж байсан Мохаммед Реза Пахлавигийн засаглалыг эсэргүүцэн тэмцэгч байжээ. Тэр үеэс эхлэн 1979 онд болсон Ираны хувьсгал хүртэлх хугацаанд Хассаны эцэг Хаж Асадолла Ферейдон нийт 20 гаруй удаа баривчлагдаж байсан байна. Түүний ах нь ч мөн адил хожмоо тагнуулын албаны дарга болсон улстөрч дипломатч хүн байгаагаас харахад Хассан Роуханигийн удмын эрчүүд ясны улстөрчид болохыг гэрчилнэ.

 

 

Харин Хассаны хувьд 12 настайгаасаа эхлэн буюу 1960 оноос шашны номлолд суралцаж, 21 настайдаа буюу 1969 онд Тегераны Их Сургуульд элсэн оржээ. Ийнхүү тэрээр 1972 онд их сургуулиа төгсөж, хуульч мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан байна. Үүнийхээ дараа буюу 1973 онд цэргийн алба хаажээ.

 

Хассан Роухани цэрэгт байх үеийн зураг

 

Хорин настайдаа зургаан насаар дүү өөрийн үеэл болох Сахабэ Арабиг эхнэрээ болгон авсан байна. Түүний эхнэрийн хувьд улс төрийн ямар нэгэн үйл ажиллагаанаас үргэлж ангид байж ирсэн бөгөөд Хассанд дөрвөн хүүхэд төрүүлж өгчээ. Одоог хүртэл Ерөнхийлөгч Хассаны гэргий болон үр хүүхдүүдийн талаар мэдээлэл дэлхий дахинд хомс байна. Хожим “Guardian” болон “Financial Times” сонинууд түүнийг нийтдээ таван хүүхэдтэй боловч нэг хүү нь тодорхойгүй шалтгаанаар амиа алдсан гэж мэдээлж байв. Үүнийх нь талаар зарим сурвалжлагчдын бэлтгэсэн мэдээллүүд бий бөгөөд тэд дурдахдаа түүний нас барсан хүү нь эцгийгээ удирдагч Али Хаменейтэй ажил хэргийн хувьд хэтэрхий их сүлбэлдсэн тэрхүү амьдралыг эсэргүүцэн амиа егүүтгэсэн хэмээжээ.

 

Ираны улс төрийн амьдралыг өөрчлөхийг хүссэн Хассан хуулийн мэргэжил эзэмшсэний дараа 1995 онд Шотланд дахь Гласговийн Их Сургуульд “Исламын эрх барих хүчин ба Ираны туршлага” сэдвээр философийн магистрын зэрэг хамгаалж, 1999 онд “Шариатийн хуулийн уян хатан чанар ба Ираны туршлага” сэдвээр докторын зэрэг хамгаалжээ.

 


 

Ираны хувьсгалаас өмнөх улс төрийн амьдрал

 

Хассан Роухани залуу байхаасаа л эхлэн Аяатолла (шашны шийт урсгалын дээд цол) Рухолла Хомейнигийн дагалдагч болжээ. 1965 оноос эхлэн тэрээр энэхүү шашны үйл хэргээр явахдаа Ираны бүхий л нутаг дэвсгэрээр аялж, өөрийнхөө дуу хоолойг хүрэх бүхий л газруудад тухайн үед засаг барьж байсан Мохаммед Реза Пахлавaгийн эсрэг суртал ухуулга хийн, илтгэл тавин өнгөрүүлжээ. Энэ хугацаанд эцгийнхээ адилаар олон ч удаа хоригдож байсан бөгөөд мэдээж түүний зоригийг тэр бүх дарамт арчин хаяж чадаагүй байна.

 

Аяатолла Рухолла Хомейни

 

Харин өөрийн үйл ажиллагаагаа улам ч өргөжүүлэн, Иранаас гадагш гарч, гадаадад сурч буй Ираны оюутнуудад Аяатоллагийн дагалдагч болон нэгдэхийг уриалж эхэлсэн байна.

 


 

Ираны хувьсгалын дараах улс төрийн амьдрал

 

Хорин жилийн туршид улс төрийн идэвхтэй тэмцэл өрнүүлж байсан Хассан Роухани Ираны хувьсгалыг 1979 онд хийж, 1980 онд Ираны парламент болох Мажлисийн гишүүнээр сонгогдов.

 

Хассан Роухани Мажлисийн гишүүнээр сонгогдсон үеийн зураг

 

Мажлисийн гишүүн болсноор хамгийн эхэнд хийсэн ажил нь зохион байгуулалт, эмх цэгцээ алдсан Ираны армийн цэргүүд болон цэргийн баазуудыг цэгцэлж, нэг дэгт оруулах байв.

 

Ер нь энэ үеийг түүний карьерийн хамгийн идэвхтэй, амжилттай байсан жилүүд хэмээн тодорхойлж болох юм. Учир нь тэрээр Мажлисийн гишүүнээр сонгогдсон цагаасаа буюу 1980-2000 он хүртэл олон тооны албан тушаалуудыг хашжээ. Тэдгээрийн дотор Мажлисийн Дэд Дарга, Батлан хамгаалахын Сайд, Гадаад Бодлогын Зөвлөлийн гишүүн гэх мэт олон албан тушаал бий.

 

Өөрөө академик боловсрол сайтай учраас энэ тал дээр санаа тавьж, анхаарал хандуулдаг олон ажлууд  түүнд байдаг байна. Тэрээр 1995-1999 онуудад төрөлх Тегераны Их Сургуулийнхаа удирдах зөвлөлд ажиллаж байсан бөгөөд 1991 оноос хойш Стратегийн судалгааны Төвийг байгуулан өдийг хүртэл ажиллуулж байна. Үүнээс гадна Ираны Стратеги, гадаад харилцаа болон Гадаад Бодлогыг англи болон Перс хэл дээр судалдаг гурван сургалт судалгааны төвүүдийн ерөнхий чиглүүлэгчээр ажилладаг байна.

 


 

Ерөнхийлөгч болсон түүх

 

Хассан Роухани 2013 оны зургаадугаар сарын 14-ний өдөр болсон Ираны долоо дахь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон мэдээгээ сонгууль болохоос сар гаруйн өмнө албан ёсоор зарлажээ. Түүний мөрийн хөтөлбөр нь “Хэрвээ би Ерөнхийлөгчөөр сонгогдвол иргэний эрхийг баталгаажуулж, улс орныхоо эдийн засгийг сэргээж, барууны орнуудтай харилцаагаа сэргээнэ” хэмээн амлаж байв.  Энэ хугацаанд тэрээр хэдийнээ улс төрийн “ноён нуруутай” дүр төрхийг бүрдүүлж амжсан байв. Мөн тэрээр өөрийн илтгэлдээ Израйлийг өөрийн улсын дайсан мэтээр дурдаж байжээ.

 

 

Ийнхүү санал хураалтын дүнгээр нийт 36,704,156 сонгогчдын 18,613,329 нь Хассан Роуханиг дэмжсэнээр өөрийн гол өрсөлдөгч /6,077,292 хүний санал авсан Тегеран хотын дарга, Мохаммед Багер Гхалибафи/ болон бусад дөрвөн өрсөлдөгчдөө бут цохиж, Иран улсын долоо дахь Ерөнхийлөгчөөр албан ёсоор сонгогджээ. Тийм ч учраас тэрээр TIME сэтгүүлийн 2013 оны хамгийн нөлөө бүхий хүмүүсийн есдүгээр байранд жагсч байсан бол 2015 онд тавдугаар байранд оржээ.

 

 

 


 

Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш

Албан үүргээ хүлээж авсан эхний өдрөө тэрээр хэвлэлийн бага хурал зарлаж, өмнө дурдаж байсанчлан Ираны олон улстай харилцах харилцаа болон Иран улсын байр суурийг өндөр түвшинд аваачиж, олон улсын итгэлийг олж авахын тулд цөмийн зэвсгийн тал дээр нээлттэй ил тод байх болохоо зарлажээ.

 

 

Хассан Роуханигийн эдийн засгийн бодлого

 

Ерөнхийлөгч эдийн засгаа хөгжүүлэх урт болон богино хугацаатай хоёр янзын бодлого дээр төвлөрөн ажилладаг байна. Нэгдүгээрт, ард иргэдийнхээ худалдан авах чадварыг сайжруулж, эдийн засгийн хангалттай хэмжээний хуримтлал бий болгох урт хугацааны бодлого, хоёрдугаарт Исламын нэгдсэн Иран улсын Үндсэн хуулийн 44-р тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлд бизнесийн таатай орчныг бүрдүүлэх гэсэн богино хугацааны тогтоолыг баталжээ. Ерөнхийлөгч Роуханигийн бодлоор эдийн засгийн орчин сайжрах нь хүмүүсийн худалдан авах чадвар дээшилж, хөрөнгө чинээлгийн ялгаа арилснаар биеллээ олох боломжтой хэмээн үздэг байна. Мөн түүний ярианд үндэсний хөрөнгө гэж байхгүй цагт ядуурал байсаар л байх болно гэсэн утга үргэлж давтагддаг байна.

 

Эмэгтэйчүүд болон хүний эрхийн бодлого

 

Роухани бол хувь хүний эрх чөлөө, мэдээлэлд ойр байх, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тал дээр дэмжигчийн байр суурьнаас ханддаг Ерөнхийлөгч юм. Тэрээр Иран улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа хэлсэн үгэндээ: “Эмэгтэйчүүд эрчүүдтэй ижил хэмжээний эрх хүртэх ёстой. Эрэгтэй болон эмэгтэйчүүдийн мэдлэг эзэмших, юм ойлгох чадвар, оюун ухаан, сүсэг бишрэл бурханд үйлчлэх тал дээр ямар ч ялгаа байхгүй” хэмээжээ. Түүний энэ бодлого мэдээж исламын шашинтай олон мянган эмэгтэйчүүдээс дэмжлэг авахад нөлөөлсөн бөгөөд, тэрээр зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан яам байгуулахаа мэдэгдээд байгаа аж.

 

 

Мэдээлэл болон цахим орчны талаарх бодлого

 

Интернет орчинд тавих хяналтын тухайд тэрээр хэд хэдэн мэдэгдэлдээ дараах санаануудыг тусгасан байна.  “Өнгөрсөн хугацаанд манай улсыг тойрон хүрээлсэн их хана байлаа. Одооноос энэ хана байхгүй болох болно” гэж тэрээр хэлжээ. Хассан Роухани хүн бүр хэрэгцээ шаардлагатай мэдээллээ интернетээс чөлөөтэй авч, улс төр нийгмийн эрх чөлөөг интернетээр мэдрэхийг огтхон ч хориглодоггүйн дээр нэгэн ярилцлагадаа “Бид хүн бүхнийг өөрсдийн хүсэн хүлээж байдаг чөлөөтэй амьдралаар амьдраасай хэмээн хүсч байна. Өнөө үед дэлхий тэр даяараа мэдээлэлд хүрэх боломж байна. Энэ их боломжид Ираны ард түмэн ч бас нэгдэх учиртай” гэжээ. Харин тэрээр өөрийн улсын мэдээллийн хэрэгслүүдийг дотоодын үйл явдлуудаасаа илүү дэлхийн шалдар булдар мэдээлэл түгээж буйг буруушааж байжээ.

 

 

Г.СҮМБЭЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж