Хогноосоо 235 тэрбумаар салах уу?

Хуучирсан мэдээ: 2016.01.22-нд нийтлэгдсэн

Хогноосоо 235 тэрбумаар салах уу?

Одоогоос дөрвөн жилийн өмнө нийслэлийн хөрсний бохирдол байх ёстой хэмжээнээсээ 10 дахин их хэмээн тооцоологдож байв. Ялангуяа нийслэлчүүдийн “хогийн сав” болсон Улаанчулуут, Цагаан даваанд хөрсний бохирдол стандарт хэмжээнээс хамгийн их гэх үр дүн гардаг. Хөнгөн болон цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, уурын зуух, галлагаат зуух, автомашины утаа, хог хаягдал гээд бүх есөн шид нь бүрдсэн нь хөрсний бохирдлыг ийнхүү аюултай хэмжээнд хүргэх гол хүчин зүйл хэмээн үздэг.

Тэгвэл хөрсний бохирдлыг гол үүсгэгч болох нийслэлийг тойрсон хогийн цэгүүдийг нэгтгэн, нэгдсэн “Эко парк”-ыг байгуулахаар нийслэлийн Захирагчийн ажлын алба, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо өнгөрсөн жил хамтран ажиллахаар болсон. “Эко парк”-ыг Цагаан давааны хогийн цэг, Нарангийн энгэрийн хогийн цэг гэсэн хоёр байршилд байгуулахаар төлөвлөсөн. Энэ ажил одоогоор техник эдийн засгийн үндэслэл боловсруулах шатандаа явж байгаа гэв. Төлөвлөгөө ёсоор бол ирэх хавраас “Эко парк” буюу хог боловсруулах үйлдвэрийн газар шорооны ажлыг хийж, үндсэндээ үйлдвэрийн эхлэл тавигдана гэсэн үг юм байна. Техник эдийн засгийн үндэслэлээр нийслэлийн хоёр хэсэгт байгуулах хог боловсруулах үйлдвэрт 235 тэрбум төгрөг шаардлагатай гэх дүн гарчээ. Гэхдээ энэ хөрөнгийг улсаас гаргахгүй. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд зохицуулахаар болсон байна.  “Эко парк” дотор хог хаягдлаар эрчим хүч үйлдвэрлэх хоёр станц, 26 үйлдвэр, 14 аж ахуйн нэгж байгуулах юм. Эдгээр ажлын төсвийг хувийн хэвшлийн санхүүжилтээр шийднэ гэлээ.

Тэдний байгуулах “Эко парк” нь хөрсөнд шигдэж шингэсэн хэдэн зуун тонн хог хаягдлыг гаргаж, боловсруулж ангилах юм. Ингэснээр хэдэн арван жил Улаанчулуут, Цагаан даваа, Нарангийн энгэрийн хөрсөнд дагтаршин булагдсан хогийг боловсруулах боломжтойг нь ангилан авч, үлдсэн хэсгийг нь шатааж эрчим хүч болгох замаар үр ашигтай ажиллана хэмээн тайлбарласан. Мөн шаардлагатай хэсгийг устгалд оруулна. Өнөөдрийн байдлаар нийслэлд чоно, нохой, эмнэлгийн хог хаягдал устгахаас өөр энэ төрлийн объект байхгүй юм. Тиймээс хог хаягдлыг ангилан боловсруулах, устгалд оруулах гээд зориулалтын үйлдвэртэй болсноор наад зах нь хөрсний бохирдлыг бууруулахад томоохон түлхэц болно хэмээн харж байна.

Б.ЗОЛЗАЯА

ЗУРАГЛААЧ: Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж