Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос өнгөрсөн даваа гаригт нефть импортлогчид шатахууны үнээ 50-150 төгрөгөөр буурах боломжтой хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл өчигдөр “М-Ойл” групп дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэтэй уялдуулан шатахууны үнээ 100-150 төгрөгөөр бууруулжээ. Ингэхдээ А-80 1445 төгрөг, АИ-92 1560 төгрөг, АИ-95 1780 төгрөг, ДТ-1640 төгрөг болж хямдарчээ. Энэ сарын 18-нд ОРЕС-ийн нефтийн сагсны үнэ 13 жилийн доод хэмжээнд буюу баррель нь 24.74 доллараар үнэлэгдсэн. Ираны хоригийг цуцалсан, Хятадын эрэлт буурсан нь ийнхүү нефтийн үнэд нөлөөлж эхэлжээ. Улмаар дэлхийн зах зээл дээрх шатахууны дундаж үнэ өнөөдөр 0.97 ам.доллар буюу 1940 төгрөгт хэлбэлзэж байна. 2014 оны хагасаас эхлэн газрын тосны үнэ 2013 оны үеийнхээс гурав дахин буурсан тухай олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлж буй. Бүх орон дэлхийн шатахууны зах зээлд ижил тэгш эрхтэй ч Засгийн газрууд татварын аргаар хязгаарлах эсвэл тэлэх бодлого явуулдгийн улмаас нэг литр шатахууныг 9.26 ам доллар буюу 19700 төгрөгөөр худалддаг орон байхад 0.04 ам.доллар буюу 80 төгрөгийн үнийн шатахуунтай улс ч бий юм. Өндөр өртгөөр шатахуунаа борлуулдаг улсуудтай харьцуулахад Монгол Улсын шатахууны үнэ нь дундаж түвшинд байгаа ч, хүн амынхаа орлоготой харьцуулбал шатахууны үнэ харьцангуй өндөрт тооцогддогийг онцлох хэрэгтэй. Тухайлбал, дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурууд байхад Монгол нефть импортлогчид шатахууны үнээ буулгасангүй. Засгийн газарч 2012, 2013 онуудад дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ өндөр байх үед шатахууны үнээ тогтвортой барьсан гэж нефть импортлогчдоо шагнан, онцгой албан татварын хэмжээг нэмж, зах зээл дэх шатахууны үнийг хэвээр барих эрхийг шатахуун импортлогчдод олгов. Үнэндээ дэлхийн зах зээл дэх нефтийн үнэ өсөх үед Монгол банкнаас татвар төлөгчдийн мөнгийг нэр бүхий шатахуун импортлогчдод шатахууны үнээ битгий нэмээрэй, тогтвортой бариарай гэж хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгож байсан түүхтэй. Гэхдээ бодит байдал дээрээ шатахуун импортлогчид бид тэсэхгүй нь гэсэн тайлбартайгаар шатахууны үнээ 200-400 төгрөгөөр нэмж байсныг иргэд мартаагүй. Иймээс ч ард түмэн түүхий эдийнх нь үнэ тогтмол унасаар байхад дотоодын шатахуун импортлогчид жижиглэнгийн шатахууны үнээ хөдөлгөсөнгүй гэж шүүмжлэн, үнээ буулгахыг шаардсаар байгаа юм. Цаашид дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ буурсаар байхад Монголын шатахуун түгээх станцууд литр бензинийхнээ үнийг хямдруулахгүй бол Засгийн газар онцгой албан татварынхаа хэмжээг дахин нэмээ гэсэн албан шаардлагыг Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос Ерөнхий сайдад тавьж байна.
Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ нэмэгдэхэд маргааш нь дагаад нэмдэг шалтгаанаа нөөц байхгүйгээр тайлбарладаг бол хямдарсан үед нь үнэтэй авсан нөөцөө зарж байна гэдэг утгагүй тайлбартай шатахуун импортлогчдын ярианд итгэвэл Монголд 6-7 сарын нөөц байсан байж таарлаа.
Ийм утгагүй гаж тайлбараар алийн болгон иргэд халаасаа тэмтрэх вэ? Хэрэвзээ хямд үед нь үнээ буулгахгүй юм бол тэдэнд татварын хөнгөлөлт үзүүлэх хэрэг байна уу? Зах зээлийн үнэ ханшинд нийцүүлэхийн тулд шатахуун импортлогчдод хөнгөлөлт үзүүлдэг биш бил үү?
Олон улсын томоохон биржид борлогдож буй газрын тосны дундаж үнийн өөрчлөлт
Ам.доллар/тонн
Шатахууны хилийн үнийн өөрчлөлт
Д.УЛАМБАЯР