АСЕМ айсуй. Наадмын дараахан буюу ирэх долдугаар сарын 14, 15-нд АСЕМ-ын Дээд төвшний 11 дүгээр уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна. АСЕМ бол хүчирхэг байгууллага. Дэлхийн хүн амын дийлэнх олонх нь Ази болон Европ тивд аж төрж байна. Хүн төрөлхтний 60 хувь Ази тивд, 11 хувь нь Европт аж төрж буйгаас үзсэн ч АСЕМ-ын уулзалтыг асар олон хос нүд тольдоно гэсэн үг. Ази, Европ хоёр тивийн улс орнуудаас 51-ийг нь эгнээндээ багтаасан АСЕМ-ын 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах эрхийг Монгол Улсад өгсөн нь өөрөө асар их итгэл, бас найдвар. АСЕМ-ын гишүүн хэр нь тэрхүү эрхийг авч амжаагүй 40 улс Улаанбаатарын уулзалтыг бүхнээс илүү сонжиж сонирхоно, урьд өмнөхтэй жишин зүйрлэнэ. Нөгөөтэйгүүр энэ онд АСЕМ-ын 20 жилийн ой тохионо.
Харин Монгол Улс АСЕМ-д бэлэн үү. Ойрын зуун жилд Монголд дахин тохиохгүй гэж зарим эх сурвалжийн дөвийлгөсөнчлөн асар өндөр хариуцлагатай энэхүү уулзалтын бэлтгэлд хэн бүхэн санаа зовж буй нь мэдээж. Ингэхэд АСЕМ зохион байгуулахад бидэнд ямар хүндрэл тохиож болох вэ. Бүгд хичээж байгааг үгүйсгэх гэсэнгүй. Гагцхүү санах сэдэхэд нэг үг ч илүүддэггүй гэдгээр зочдыг нисэх буудалд буух үеэс эхэлье. Дэлхий нийтийг түгшээсэн терроризмын аюулаас Монгол Улс ангид байж чадах уу. МИАТ-ийн болоод бусад авиа компанийн агаарын хөлгөөр зорчих, Чингис хаан нисэх буудалд буух, дээд төвшний уулзалт үргэлжлэх хугацаанд Европыг ер бусаар эзэгнээд байгаа исламынхны аюул нүүрлэхгүй гэх баталгаа байна уу. Түүнээс сэргийлэхийн тулд цэрэг, цагдаа, хил гааль, тагнуулын албад хэрхэн ажиллаж байна вэ. Мэдээж энэ бүхнийг тайлагнахгүй, тэр байтугайг нууцалдаг болохоор цаанаа нэгийг санаж, хоёрыг сэдэж, онцгой сэрэмжилж байгаа гэдэгт найдъя. Улсын маань үүд хаалга болсон Чингис хаан нисэх буудал АСЕМ-д бэлэн үү. Адаглаад л ачаа тээшийг онгоцноос зорчигчийн гарт хүргэдэг туузан дамжуулагчаа шинэчилсэн үү. Хяхнаж доголдсон туузан дамжуулагчаас арайхийн ачаагаа олж аваад эргэмэгц түрдэг тэрэг нь хүрэлцдэггүй. Овсгоотой зарим нь голдуу монголчууд түрдэг тэргийг хэдийнээ өмчлөөд зогсчихдогоос гадны зочдод чемоданаа чирэхээс өөр сонголт үлддэггүй. Хил гаалийн ажилтнуудын хямсгар ярвагарыг ярихаа байя. Ази, Европын 50 гаруй орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болоод өндөр дээд төвшний зочдыг инээмсэглэж угтаад, хазгай мурийгүй харилцах, хажуугаар нь мэргэжлийн алдаа гаргахгүй байх хэмжээний боловсрол, мэдлэг, чадвартай ажилтнуудаа шалган дээр гаргачихаа эрхбиш мэдэх биз.
Монголчууд зочлох үйлчилгээндээ хэр вэ. Зочид буудлуудын хүрэлцээ, тохижилт, үйлчилгээний чанар, ажилтнуудын чадвар дэлхийн төвшинд хүрсэн үү. Төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлуудыг аюулгүй бүсэд байрлалтай, үйлчилгээ нь тогтмолжсон байх ёстой гэсэн шалгуурыг ээн түрүүнд тавьжээ. Шалгуурт 40 гаруй зочид буудал тэнцээд байгаа гэнэ. Тэдгээр зочид буудлуудад 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, тохижилтод гойд анхаарч байгааг АСЕМ-д бэлтгэх багийнхан хэлж байна. Мөн шинээр Sheraton, Radisson, Holiday Inn, Alfa зэрэг зургаан зочид буудал АСЕМ-аас өмнө амжаад ашиглалтад орно гэж хүлээж буй ажээ. Түүнчлэн Их тэнгэрийн аманд “АСЕМ Village” хаус хотхоныг MCS компаниар ахлуулсан үндэсний консерциум барьж байгаа. Хэдий богино хугацаанд босгож байгаа ч өндөр дээд төвшний зочдод үйлчлэх хаусын чанарт өндөр хэмжээний шалгуур тавихаас аргагүй. Гэтэл саяхан “АСЕМ Village”-ын шугам хоолой задарч, хагарсан талаарх мэдээлэл манай редакцид ирсэн. АСЕМ-ын багийнхан хөрсний ус хальснаас бус шугам хагараагүй хэмээн үгүйсгэсэн. Шугам нь хагарсан байгаасай гэсэнгүй. Харин ч хагараагүй гэдэг нь ам тагласан худал мэдээлэл бус үнэнээс үнэн байгаасай гэж хүснэ.
Зочдод Монголыг Монголоор нь ойлгуулах, хамгийн их сэтгэгдэл үлдээх хүмүүс бол хэлмэрч, хөтөч нар юм. Гадаад хэлийг эх хэл шигээ төгс эзэмшсэн ч монгол ахуй, монгол орчноосоо хүнийрхсэн, монгол хэлэндээ бүр ч таг хэлмэрчид цөөнгүй. Монголдоо гаршсан хэр нь гадаад хэлэндээ гацчихдаг нь бас бий. Тиймээс энэ бүхний жорыг тааруулж, дутууг нь нөхөж, дундуурыг нь дүүргэх сургалтыг эхлүүлсэн байна. Тэгэхээр хэлмэрчдийн хүндрэлийг давчхаж болно гэж тооцоолъё.
АСЕМ-ыг 2016 онд Улаанбаатарт зохион байгуулах эрхийг авсан 2014 оны аравдугаар сарын 20-ны өдөр УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар сэтгүүлчдэд мэдээлэхдээ “Манай улс спортоор бол Олимпын эрх авлаа” хэмээн тодотгож байсан юм. Тэгвэл бид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олимпын бэлтгэлийг хэр хангав. Бэлтгэл ханаагүй байх магадлалтай. Тэгэх тусмаа илүү их шамдах цаг ирээд байна. Урьд нь манай улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурлыг зохион байгуулсан туршлага бий. 2013 оны дөрөвдүгээр сард болсон уг бага хуралд 104 орны 1215 төлөөлөгч оролцсон бөгөөд тэдний дунд гадаадын улс орнуудаас нэг Ерөнхийлөгч, хоёр дэд Ерөнхийлөгч, нэг Ерөнхий сайд нэг, дөрвөн Шадар сайд, бусад сайд нарын төвшний төлөөлөгчид оролцсон. Баахан дамшиглал дагуулсан ч төв талбайгаа савандан угааж, шуудай үүрч, хог түүгсдээ хотын зах руу нүүлгэн байж бид нэр цэвэр давж гарсан сан.
Тэгвэл тун удахгүй дэлхийн 50 гаруй улс орны төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн нарыг нэгэн дээвэр доор уулзуулахад тулгамдаж мэдэх түгшүүр бол Монголын улс төрийн амьдрал юм. Зургадугаар сарын сүүлчээр тохиох УИХ-ын ээлжит сонгуулийн дуулиан шуугианыг үндэсний баяр наадам залгана. Сонгуулийн булхай, луйвар, тоологч машины сайн муу, хүлэг морины бай шагнал, хүчит бөхчүүдийн найраа намжаагүй байхад АСЕМ эхэлнэ. Ирэх сонгууулиар долдугаар сарын 1-ний гашуун түүхийг давтахгүй гэх баталгааг өгч чадах уу, улстөрчид өө. Нам хүчин, бүлэг фракцын эрх ашгаас улс орны нэр нүүрийг илүүд үзэж, сонгуулийн гашуун утааг гадагш гаргалгүй залгих тэнхэл Монголын улстөрчдөд бий юү. Тийм соёл сууж амжаагүй гэж үзсэн зарим түшээд одоогийн УИХ хугацаанаасаа өмнө тарж, АСЕМ-ыг нүүр улайхааргүй угтах хэрэгтэй гэсэн саналыг дэвшүүлж байсан. Гэвч тийм иргэний зориг энэ цагийн түшээдээс гараагүй нь харамсалтай.
Хоёр жилийн өмнө Италийн Милан хотноо Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Улаанбаатарт уулзацгаая, АСЕМ-ынхаан” хэмээн урьсан. Монгол Улсын нэр хүнд, хариуцлагын томоохон шалгуур болох АСЕМ-ын 11 дүгээр уулзалт өдөр өдрөөр түүчээлэн ойртож байна. Бид харин АСЕМ-д бэлтгэж амжсан уу.
Д.ЦЭЭНЭ